Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд орон нутгийн удирдлагуудад чиглэл өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын ургацын комиссын дарга Б.Батзориг орон нутгийн удирдлагуудад шуурхай арга хэмжээ авч ажиллахыг даалгаж, чиглэл өгсөн байна.
Тодруулбал, цасан шуурганд мал уруудаж ургацыг сүйтгэхээс сэргийлэх талаар орон нутгийн удирдлага ард иргэдийг дайчлан зохион байгуулах, ургац хураалтын шатахууны зарцуулалт өсөх тул хангамжийг нэмэгдүүлэх, Налсан тариаг хураахад зориулсан иш өргөгч, морозовын соёо зэрэг нэмэлт эд ангийг нийлүүлэх ажлыг ТЭДС, дилер аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулах, хураасан төмс, хүнсний ногоог хөлдөхөөс хамгаалж хучих, яаралтай зоорилох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх чиглэлээр үүрэг өгсөн байна.
Өнөөдрийн 15 цагийн байдлаар Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн хойд хэсгээр, Увс аймгийн зүүн хэсгээр, Завхан, Архангай аймгийн зарим хэсгээр, Булган аймгийн ихэнх хэсгээр хур тунадас орж, нойтон цас, Сэлэнгийн нутгаар бороо орж байна. Өнөө шөнө Сэлэнгэ төв аймгийн нутаг, Улаанбаатар хот орчмоор, маргааш өдөр Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний цас орж, Төв, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурах тул цаг агаарын болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, малчид, тариаланчдад хандан сэрэмжлүүллээ.