Хүнсний бүтээгдэхүүний өдөрлөгт 500 гаруй хүн оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-09-24 09:35:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Намрын ногоон өдрүүд-2018” үзэсгэлэн-худалдааны үеэр "Мах, сүүний анхдугаар аян"-ны үр шим өдөрлөг болж нийт 500 гаруй хүн оролцов.

Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн хамаарлыг бууруулах, бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилготой аян хэрэгжиж эхэлснээр 2018 оны 8 дугаар сарын байдлаар 28 мянга гаруй тонн мах экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4 дахин их өссөн дүн юм. Монголын махны холбоотой хамтран зохион байгуулсан "Мах, сүүний анхдугаар аян"-ны үр шим өдөрлөгт мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Мах импекс, Хүнс комплекс, Мөнхийн болор”, Траст трейд”, Ажигана”, Мах маркет ХХК-иуд оролцож, шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулж, хэрэглэгчдэд амтлуулан, тэдний дунд хөгжөөнт тэмцээн зохиож, ялагчдыг шагнаж урамшууллаа. "Мах маркет" ХХК-аас үзэсгэлэнд оролцогчдын дунд "Хэн сайн бууз чимхэх вэ?" уралдаан тэмцээн зохион байгуулсан бол "Траст трейд" ХХК "Траст” брэндийн мах, махан бүтээгдэхүүнийг хэн сайн мэдэх вэ?" уралдаан зохиож, ялагчид бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгээр шагнав. Мөн энэ үеэр Сүү”, Талх чихэр, АПУ”, “Витафик ХХК-иуд "Хүүхдэд зориулав" өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр хүнс үйлдвэрлэгч ААН, байгууллагууд хүүхдэд зориулсан төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнээ танилцуулж, хүүхэд, багачуудын дунд хөгжөөнт уралдаан зохиов.

Тодруулга: Манай улс одоогийн байдлаар ОХУ, БНХАУ, Казакстан, Япон, Иран, Катар улсад мах экспортолж байгаа бөгөөд Вьетнам, Кувейт, Хонконг, Узбекстантай мах экспортлох талаар яриа хэлэлцээ хийж байна. 

Б.Болд

 

Related news