Талийгаач цагдаагийн ар гэрийнхэнд хоёр өрөө байрны гэрчилгээ гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы гэр бүлийнхэнд өнөөдөр Засгийн газрын шийдвэрээр хоёр өрөө байр олголоо.
Уг шийдвэрийг өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар гаргасан бөгөөд Очир”
хотхонд 60 ам дөрвөлжин метр уг байрны гэрчилгээг Ерөнхий
сайд У.Хүрэлсүх, ЦЕГ-ын
дарга С.Баатаржав нар гардуулсан юм.
Энэ үеэр Ерөнхий сайд талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлээд
том хүүд нь хандан “Танай аав бол жинхэнэ эх оронч хүн
байсан. Ааваараа байнга бахархаж яваарай” хэмээгээд хатуужилтай, сайн хүн болж өсөхийг хүсэн
ерөөлөө. Харин талийгаачийн ээж болон эхнэр нь Ерөнхий сайдад талархлаа илэрхийлж байв.
Үүний өмнө буюу энэ сарын 16-нд ЦЕГ-ын даргын №Б/725
тоот тушаалаар талийгаачийн 120
сарын үндсэн цалин буюу 76.7 сая төгрөгийн тэтгэмжийг ар гэрийнхэнд нь мөн
олгосон юм.
Залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй
хамт явсан Т.Лундаа гэх хоёр этгээд /2018.10.15/ Сүхбаатар дүүргийн 15 дугаар
хорооны нутаг дэвсгэрт “Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад
цагдаагийн алба хаагчид баригдах үедээ зугтаж, түүнийг чирч унаган биед нь хүнд
гэмтэл учруулсны улмаас цагдаагийн алба хаагч харамсалтайгаар амь насаа алдсан
билээ. Талийгаач
Д.Батсайхан нь цагдаагийн байгууллагад тасралтгүй 22
жил ажиллахдаа ЦЕГ-ын “Албаны төлөө” 1,2,3 дугаар цол тэмдгийг хүртсэн шилдэг
алба хаагчдын нэг байв.