Олон улсын “Алтан тэмээ” шагнал хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ анхлан
санаачлан байгуулсан Олон улсын худалдаа аж үйлдвэрийн “Торгоны зам” танхим (SRCIC)-ын дээд хэмжээний бизнес уулзалт Хятадын Хунань мужийн нийслэл Жанжиажэ хотод
“Олон улсын худалдааны хамтын ажиллагаа, соёлын солилцооны шинэ талбар” уриан
дор болж өнгөрлөө.
Дээрх арга хэмжээнд 80 гаруй орны 500 гаруй албаны хүн, олон улсын байгууллагуудын төлөөлөгч болон гишүүн орнуудын ХАҮТ-уудын удирдах албан тушаалтнууд оролцож, худалдааг хөнгөвчлөх, бизнест хамааралтай төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, тээвэр ложистикийг оновчтой зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэж, туршлага солилцлоо. Төлөөлөгчид цаашид хөрөнгө оруулалтын чуулган, бизнес айлчлал, үзэсгэлэн худалдааг аль болох ойр давтамжтай зохион байгуулж, улс хооронд харилцан мэдээлэл солилцох сүлжээг өргөтгөх, мэдээллийн нэгдсэн бааз байгуулахаар санал нэгджээ.
Энэ үеэр тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож,
сонгуульт үүрэг хүлээдэг, бүс нутгийн эдийн засаг, худалдаа бизнесийн харилцааг
шинэ шатанд гаргахад тодорхой хувь нэмэр оруулсан хүмүүсийг “Торгоны зам” олон улсын ХАҮТын “Алтан тэмээ” шагналаар шагналлаа. Эдгээрийн нэг нь Торгоны зам” ОУХАҮТ-ын дэд
ерөнхийлөгч, МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг бөгөөд тэрбээр Монгол Улсаас анх
удаа уг нэр хүндтэй шагналын эзэн болж буй аж. “Алтан тэмээ” шагналыг Ази, Номхон далайн орнуудын ХАҮТ-уудын Нэгдсэн холбооны Ерөнхийлөгч
Джамал Инайшвили, Дэлхийн Танхимуудын Холбооны Ерөнхийлөгч Петер Михок зэрэг 5
хүн хүртсэн байна.
Тодруулга: “Торгоны зам” олон улсын ХАҮТ-ыг 2015 онд “Нэг
бүс-нэг зам” санаачилгын хүрээнд торгоны замын дагуу оршдог 20 орны
оролцоотойгоор анх байгуулсан бөгөөд энд Монгол Улсаас МҮХАҮТ үүсгэн байгуулагчдын нэгд ордог юм. Дашрамд дурдахад энэхүү дээд хэмжээний чуулганыг зохиосон БНХАУ-ын Жанжиажэ хот нь “Аватар” киноны зургийг авсан
жижигхэн тосгон бөгөөд өндөр уул, огцом хад асга бүхий байгалийн өвөрмөц
тогтоцоо аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн болгож, дэлхийн өнцөг булан бүрээс
сая сая жуулчин татдагаараа алдартай аж.
Б.Болд