Л.Наранбаатар: Монголд 1 сая тн нүүрс олборлоход 1.3 хүний амь эрсдэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 7-10 мянган хүн оршин суудаг боловч нүүрсний уурхайн олборлолт, тээвэрлэлтээс үүдсэн тоосжилт байх ёстой хэмжээнээс 10-15 дахин ихэссэнээс амьсгалын замын өвчлөл бусад сумаас 15-20 дахин өндөр болж сумын эмнэлэг ачааллаа дийлэхгүй болсон талаар Хүний Эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл хэлж байна.
Тавантолгойн бүлэг ордын
үйл ажиллагаа орон нутгийн иргэд, тэнд ажиллагсдын эрхийг ноцтой
зөрчиж байгаа талаар ХЭҮК-ийн
захиалгаар Бодлогын инновацийн хүрээлэнгээс хийсэн судалгааны дүнд харуулж
байгааг өнгөрсөн 7 хоногт Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс
ХЭҮК-той хамтран зохион байгуулсан хэлэлцүүлэг дээр хөндсөн юм. Энэ бол тус бүс
нутагт хүний эрхийн нөлөөллийн чиглэлээр хийсэн хараат
бус, иж бүрэн анхны
судалгаа юм гэдгийг ХЭҮК-оос тодотгосон байв. Судалгаагаар “Тавантолгойн бүлэг уурхайн олборлолт, тээвэрлэлтэд оролцогч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд
амьдрах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах, амьд явах, хөдөлмөрийн таатай
нөхцөлөөр хангуулах, мэдээлэл авах, гомдол саналаа шударгаар шийдвэрлүүлэх
зэрэг хүний эрхийг ноцтой зөрчигдөж, улмаар дээрх зөрчлүүд цаашид даамжрах хандлагатай байгаа”-г ХЭҮК-ийн ажлын албаны дарга Ч.Алтангэрэл
мэдээлсэн юм. Энд ажиллаж буй уурхайнууд тээвэрлэлт,
түүнээс үүдэлтэй тоосны
хэмжилт гээд холбоотой мэдээллээ солилцдоггүй, мэдээлэл нь ил тод
бус гээд нийгмийн хариуцлага дэндүү сул байгааг судалгаанд өгүүлсэн
байна.
Тээвэрлэлт гэхэд л
Тавантолгойтоос Гашуунсухайт хүртэлх 230 км замд 12.000 орчим хүнд даацын машин
нүүрс тээвэрлэж байгаа нь ачаалал 2 дахин хэтэрсэн явдал бөгөөд энэ байдал нь осол
гэмтлийн нэг сурвалж болж байна. Улмаар ойр орчмын сум, суурингийн эмнэлэг, сургууль,
төрийн бусад үйлчилгээний газрын ачаалал огцом өсөх нэг нөхцөл болж байна. Тиймээс Тавантолгойн ордын үйлдвэрлэлийг хүн, байгаль
орчин, нийгмийн нөлөөллийн асуудалтай нь хамтад нь авч үзэх хэрэгтэй байна
гэсэн санааг сэтгүүлчид дэвшүүлж дээрх хэлэлцүүлгийг
хийж байгаагаа Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубын тэргүүн, МОНЦАМЭ агентлагын сэтгүүлч Б.Ариунзаяа
онцолж байв.
“Сүүлийн 8 жилд Цогтцэций сумын хүн ам 3 дахин өсөж буй ч төсвөөс олгох эрүүл мэнд, нийгмийн зардал нь огт нэмэгдээгүй, нүүрсний тээвэр хэт ихэснээс Гашуунсухайтын замд өдөрт 4-5 осол гарч, тэр хэмжээгээр иргэд эд хөрөнгөөрөө хохирдог, сард нэг хүн амь насаа алддаг гээд нүүрс олборлолт нэмэгдэх бүр дагаж өсч буй хүний эрхийн ноцтой зөрчлүүдийг уртаар жагсааж болохоор байгаа”-г энэ талаар газар дээр нь цуврал сурвалжлага хийсэн Монголын Үндэсний радиогийн “Хурд” агентлагийн сэтгүүлч Д.Даваадулам хэлж байв.
Түүний
хэлснийг хэлэлцүүлэгт Өмнөговь аймгаас ирж оролцсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Жаргалсайхан болон “Алтан нутгийн мэдээ”
сонины сэтгүүлч Н.Адьяацэрэн нар баталж байв. Н.Адьяацэрэн, “Ханбогд сумын Хайрхан багийн
нутаг дахь Цагаан хадыг
гаалийн хяналтын бүс гэдгээр засаг захиргааны нэгж хамаарал буюу статус нь ямар
байхыг төр, засгаас тодорхой заагаагүй, хаячихсанаас энд хүүхэд багачуулаас
аваад томчуул усаа зөөж уудаг, бие засах олигтой газар ч үгүй, тоос шороонд бор
өдрийг өнгөрөөн амь зууж, хүний
наад захын
хэрэгцээний эрх
ноцтой зөрчигдөж байна. Энэ бол манай төрийн бодлогын алдааны илрэл юм.
Тиймээс Цагаан хадыг боомт юм бол боомтоор нь, сууринг баг болгон салгаж хөгжүүлэх
хэрэгтэй байна” хэмээн хэлж байв. (Хүний эрүүл,
аюулгүй орчинд ажиллаж, амьдрах наад захын нөхцөлийг хангах хүртэл
Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг түр хаах зөвлөмжийг ХЭҮК гаргасныг
энд дурдахгүй өнгөрч боломгүй).
Түүний дурдсанаар Хайрхан
багт гэхэд 30 гаруй цайны газар, 15 хүнсний дэлгүүр ажиллаж, 3800 хүн амьдарч, гэрээтэй
2000 гаруй болон бүртгэлгүй 4000, нийт 12.000 жолооч нийлсэн хүн байна. Хил нэвтрэх
зөвшөөрлийг ААН8 компаниудад хавтгайруулан олгож мөнгө хийж байна гэснийг
хэлэлцүүлэгт оролцсон Авто тээврийн
Үндэсний төвийн орлогч дарга Ш.Батсайхан үгүйсгэж, “Манайхаас 5700 автомашинд
хил нэвтрэх зөвшөөрөл олгож байгаа. Түүнээс хэтрүүлээгүй” гэж байв. Тэгвэл хэлэлцүүлэгт
оролцсон Монголын Байгаль орчны иргэний
зөвлөл (МБОИЗ)-ийн Тэргүүлэгч гишүүн Ж.Ганбаатар, “Тэнд осол аваарь, зөрчлийг зохицуулах Замын цагдаа нар
ажиллаж байхад Автотээврийн байгууллагаас заавал давхар хяналт тавьж тэнд ажиллах
хэрэг байна уу, Автотэээврийн газар эрхээ замын цагдаа нарт өгөх хэрэгтэй байна”
гэсэн саналаа хэлж байв.
Хүний эрх ингэж зөрчигдөж байгаа нөхцөлд тэгвэл Тавантолгойн бүлэг ордын нүүрсний олборлолтын ашиг өгөөж, улсад болон орон нутагт оруулж буй татвар, хураамж ямар байгаа талаар хэлэлцүүлэгт оролцсон Олборлох үйлдвэрлэлийн Ил тод байдлын санаачилга (МОҮИТБС) байгууллагын мэргэжилтэн Б.Дэлгэрмаагийн танилцуулснаар, өнгөрсөн 11 жилд “ЭТТ”, “ТТ”, Энержи ресурс” гэсэн 3 компаниар тооцоход 500-800 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. “Нэг бүс нутагт ижил үйлдвэрлэл явуулж байгаа төрийн болон хувийн компанийн нүүрсний ашиг 7 доллароор зөрж байна. Хувийн болон төрийн өмчит компанийн менежментийн ялгаа үүнээс эхэлнэ” гэж хэлсэн эдийн засагч Л.Наранбаатар үг хэлэлцүүлэгт оролцогчдын анхаарлыг татаж байлаа.
Тэрээр олон улсын аргачлалаар тооцон бодоход манай
улсад 1 сая тн нүүрс олборлоход 1.3 хүний амь эрсдэж байгааг мэдэгдсэн. Тэрээр ХЭҮК-оос мэдээлж байгаачлан 2010-2018 онд
нүүрсний тээвэртэй холбоотойгоор 50 гаруй хүн нас барсныг “Өнөөдөр говьд төмөр зам байхгүйгээс, бариагүйгээс болж
олон аавын хүү амь насаа алдсан гэхэд буруудахгүй” гэж байв.
Б.Болд
Гэрэл зургийг Т.Чимгээ