Зуун айл орчмыг эрчимтэй барилгажуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн
Зуун айлд төвлөрсөн барилгын материалын худалдааг Налайхад байгуулж буй Барилгын
материал, Үйлдвэрлэл-технологийн парк руу шилжүүлнэ.
Энэ зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэд байгуулсан Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Энд 100 айлын худалдаа эрхлэгчдийг төлөөлж ирсэн бизнес эрхлэгч Л.Лхамсүрэн “100 айлынхан бид нүүхгүй. Харин худалдааны төвөө түгжрэл, бөөгнөрөл үүсгэхгүйгээр тохижуулж байна” гэдгээ мэдэгдэв. Үүний хариуд Ажлын хэсгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга хэлэхдээ, “Бид энд үйлдвэрүүдийн тухай ярьж байна. 100 айлд барилгын материалын худалдаа эрхэлдэг ААН, иргэдийг Налайх руу нүүлгэх тухай асуудлыг анхнаасаа яриагүй. Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчдийг Налайхы үйлдвэрлэл, технологийн парк руу шилжүүлэх тухай л хөндсөн. Өрхийнхөө 0.07 га газарт үйлдвэрлэл эрхэлнэ гэдэг амаргүй. Ойрын ирээдүйд Налайхад АҮТ-ийн парк байгуулах учраас дэд бүтэцтэй газар бизнесээ эрхлэх нь хаана, хаанаа хэрэгтэй гэж үзэн, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ чиглэлээр ажил явж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Уг нь би анхнаасаа хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө үйлдвэрлэл эрхлэгчийг нь Налайх руу шилжүүлнэ гэдгийг тодорхой ярьсан.
Барилгын материал голцуу
урдаас буюу Замын-Үүд зэрэг боомтоор өмнөөс орж ирдэг. Мөн барилгын материалын
түүхий эд цемент зэрэг Дорноговь аймгийн нутгаас ирж байгаа. Ийм нөхцөлд
Налайхад барилгын материалыг төвлөрүүлж, барилга, шохой, чулууны үйлдвэрүүд нь
мөн тэнд ажиллал даа. Нийслэлийн зүгээс боломжтой асуудлыг тавьж ярьж байна.
Бусдаар бид 100 айлын барилгын дэлгүүрүүдийг нурааж буулгах тухай яриагүй. Үнэхээр
чөлөөлөх газрын обьектуудыг бол албадан буулгана” гэсэн хариу өгсөн юм. Учир нь
Нийслэлийн Газар төлөвлөлт, ерөнхий төлөвлөлтийн газрын мэргэжилтний өнөөдөр
танилцуулж мэдээлснээр 100 айлын орчмын газрууд, тодруулбал, хуучин 9-р
дэлгүүрээс “Шинэ зам” болон 100 айл дахь ИБМУТ хүртлэх Цагдаагийн гудамж орчим
нь хотын Ерөнхий төлөвлөлтийн дагуу шинээр барьж буй 7-р хорооллын нутаг
дэвсгэрт хамрагдаж байгаа тул энд газар чөлөөлөлт хийж байгааг дуулгасан юм.
Дээрх мэдээллийн дагуу
бизнесэрхлэгч Л.Лхамсүрэн хэлэхдээ, “Худалдаа эрхлэгчдийн талаар хотоос хэлж буй тоо зөрөөтэй байна. 100 айлд өнөөдрийн байдлаар 145 дэлгүүр, 4500 хүн ажиллаж байна. Тэдний ар гэрийг тооцвол 100 айлын худалдааны төв 18-20 мянган хүнийг тэжээж байна. Худалдаа эрхлэгчдийн 90 хувь нь бүгд дунджаар 9-90 сая төгрөгийн зээлтэй байгаа. Бүр 1.2 тэрбум төгрөгийн зээл авч, барилга барьсан ААН хүртэл бий. Нийт 27 зөвшөөрөл авч барьсан барилгыг ийм нөхцөлд хотоос 40-50 км тэр хол нүүж шилжих хэцүү учир энэ асуудалд өөр өнцөгөөс хандаж хармаар байна.
Бид эндээ тохижолтоо сайн хийж нийтийн хөдөлгөөнд түгжрэл, бөөгнөрөл
үүсгэхгүйгээр зохион байгуулах саналтай байна. Худалдаа, бизнес эрхлэгчид энд эхнээсээ
шинэ худалдааны, нэг дор төвлөрсөн төвүүд байгуулж эхэлсэн. Нийслэлийн зүгээс
бидний төлөө санаа тавин анхаарч байгаад талархаж, хотоос тавьж буй шаардлага
болон хамтын ажиллагааг хүлээн авч байна” гэсэн юм. Ажлын хэсгийн дарга, НИТХ-ын
төлөөлөгч Ч.Гантулга, “Бид 90 саяын зээл авсан хүнийг хохиролтой үлдээхгүй,
хохирохгүй, хохироохгүйгээр асуудлыг шийдэх гэж байна” гэж байв.
Ажлын хэсгээс өгсөн мэдээллээр Налайхад Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах шийдвэр
гарсантай холбоотойгоор зарим ажлыг хийж дуусгажээ. Тухайлбал, 4.5 км автозам
барихтай холбоотой зургийн ажлыг дуусгаж, барилгын ажлыг эхлүүлсэн байна. Дараа
нь дулааны асуудлыг шийдвэрлэнэ. Үүний дараа үйлдвэрлэгчдэд агуулах саваа барих
боломж бүрдэнэ. Иймээс хаана газар авч, үйлдвэрлэл эрхлэхээ одооноос Газрын
албаныхантай ярилцаж, шийдвэрлэх шаардлагатай байна гэсэн чиглэлийг ажлын хэсгийн дарга,
НИТХ-ын тэргүүлэгч Ч.Гантулга бизнес эрхлэгчдэд өгсөн юм.
Шинэ 7-р хороолол барихтай холбоотойгоор НИТХ-аас гаргасан шийдвэрийн дагуу 100 айл орчмыг барилгажуулах ажил хэдэн жилийн өмнөөс эхэлж, өнөөдрийн байдлаар “Бэрэн” групп 32-ын тойргийн баруун талын гэр хорооллын газрыг чөлөөлж, 2017 онд 60 айлын орон сууц ашиглалтад оруулаад байна. Энэ онд мөн 60 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 32-ын тойргийн “Шинэ зам”-ын зүүн талын уулзварт мөн барилгажуулалт хийж, нийт 2160 айлын орон сууц ашиглалтад оруулахаас одоогоор 720 айлын орон сууц, бага сургууль, цэцэрлэг, мөн 1.2 км авто замыг ашиглалтад оруулжээ.
Гэхдээ бүтээ байгуулалт зарим талаар хангалтгүй байна. Тухайлбал, “Заг” ХХК Сүхбаатар дүүргийн
долдугаар хорооны нутаг дэвсгэрт барилга, авто зам барихаар болж, 4-5 тендерт
шалгарсан ч ажлаа эхлүүлээгүй аж. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул
тендерийг цуцалсан ч хүлээн зөвшөөрөлгүй, маргаан үүсгэж, шүүх дээр зарим асуудал
очсон аж. Тухайлбал, З блок дээр нийслэлээс хөрөнгө гарган, 3.2 тэрбум
төгрөгөөр дэд бүтэц татсан ч “Заг” компани барилгажуулалт хийгээгүй байна.
Бизнес эрхлэгчдээс өгч байгаа тайлбараар бол “Заг”
компанийн хөрөнгө оруулалт татах ажил нь бүтэлгүйтжээ. Харин Нийслэлийн Гэр
хороолол, дэд бүтэц хөгжлийн төвөөс өгсөн мэдээллээр тус компани хөрөнгө
оруулалтаа босгож чадаагүй, иргэдтэй тохиролцож чадаагүй байна. Барилгын
материалын худалдаа эрхлэгчид 100 айл
дахь үйл ажиллагаагаа
стандартын дагуу явуулахын тулд бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах сонирхолтой
байна. Барилгын зураг төслөө ч гаргасан аж. Гагцхүү тендерт шалгарсан компани
нь хөрөнгө оруулалтаа босгож чадаагүйгээс барилгаа бариулах ажил удааширсан
гэсэн тайлбарыг хийж байлаа.
Б.Болд
Гэрэл зургийг Т.Чимгээ