"Гудамж" төслийн 14 байршлын, 50 тэрбум төгрөгийн байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэж авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд
2016-2017
онд нэмэгдсэн албан
хаагчдын тоо энэ онд буурсан талаар нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх
аудитор С.Энхбаатар өнөөдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулав.
Хуралдаанд танилцуулсан “Нийслэл, дүүргийн төсвийн болон
орон нутгийн өмчит газруудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хэрэгжилт,
үр дүн”-гийн гүйцэтгэлийн аудитаар төрийн албанд илэрсэн зөрчлөөс дурдвал
дүүргүүдийн Засаг дарга нар нэг орлогчтой байхаар хуульд заасан ч зарим нь орон
тоог хэтрүүлэн баталжээ. Мөн агентлагийн дарга нар төрийн байгууллагын хүнд
суртлыг арилгах, шат дамжлагыг багасгах, төсвийн зардлыг хэмнэх чиглэлээр
гаргасан Засгийн газрыг тогтоолыг зөрчиж, дэд болон орлогч нарын тоог хэтрүүлсэн
зөрчил илэрчээ. Харин бүтэц зохион байгуулалтын тухайд "оновчтой"
хэмээн дүгнэсэн байна.
НИТХ-ын дарга С.Амарсайхан танилцуулгыг сонсоод "Шаардлагатай бүтцийг бий болгож, шаардлагагүйг нь татан буулгаж, үйл ажиллагааг нь нэгтгэх талаар бид ажиллаж байгаа. Аудитын байгууллагын зүгээс ч ийм зорилго тавин ажиллаж байгаа болов уу. Гэвч аудитын байгууллага зарим зүйлийг орхигдуулжээ. Танилцуулгад чиг үүргийн давхцлыг зөвхөн тухайн байгууллагын дүрэмд үндэслэн гаргасан байна. Энэ бол явцуу дүгнэлт. Байгууллагуудын үйл ажиллагааны зорилтоос эхлээд тухайн байгууллагын ажилтны ажлын байрны тодорхойлолт ямар байгаад нарийн дүгнэлт гаргах ёстой. Мөн
гадаадын байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслийн нэгжийг ч шалгах ёстой. Тэдний үйл ажиллагаа нийслэлийн төсвийн оролцоотой, удирдлагыг нь нийслэлийн Засаг дарга томилдог. Эргүүлээд тэд нийслэлд ажлаа тайлагнадаг. БНХАУ-ын хөнгөлттэй зээлээр барьж буй гүүрийн ажилд ч хяналт тавих хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын таван хувь нь нийслэлээс гарч байгаа. Тиймээс төсөв хөрөнгийг зориулалтаар нь зарцуулж байгаа, эсэхийг шалгаж үнэлэлт, дүгнэлт өгөх хэрэгтэй" гэсэн юм.
Энэ удаагийн НИТХ-ын
Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Гудамж" төслийн
хүрээнд барьж, ашиглалтад оруулсан 14 байршлын, 50 орчим тэрбум төгрөгийн өртөг
бүхий замын байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэж авлаа.