Хотын даргыг огцруулах эсэхийг ирэх мягмар гаригт хэлэлцэхээр хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-11-23 18:05:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит бус V хуралдаан өнөөдөр хуралдаж, хотын дарга С.Батболдыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх байсан ч хойшиллоо.


Учир нь НИТХ-ын дарга С.Амарсайхан НИТХ дахь Ардчилсан намын бүлэг, МАН-ын бүлэгтэй энэ асуудлыг зөвшилцсөний эцэст энэ сарын 27-ний 14.00 цаг хүртэл завсарлага өглөө. Иймээс хотын даргыг огцруулах эсэх асуудлыг ирэх долоо хоногт шийдвэрлэхээр хойшилж байна.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нийслэлийн Засаг дарга С.Батболдыг албан тушаалаас нь огцруулах үндэслэлээ өөрийн биеэр ирж танилцуулах хүртэл завсарлага авах санал гаргасан юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг саналаа энэ сарын 12-нд НИТХ-д албан бичгээр ирүүлсэн бөгөөд хэлэлцэж, шийдвэрлэх хуулийн хугацаа 15 хоног. НИТХ-ын өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд биечлэн оролцох боломжгүй болсон тул ээлжит бус хуралдааныг ийнхүү энэ сарын 27-ны өдрийн 14.00 цагт үргэлжлүүлэхээр боллоо.

Related news