Хотын баруун, зүүн хэсэгт ачаа тээврийн нэгдсэн ложистик төв барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-11-29 15:56:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн  ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа төрөөс хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд 2019 онд татварын ачааллыг нэмэгдүүлэхгүй, тогтвортой байлгах бодлогыг баримталснаа нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр эхэлсэн НИТХ-ын ээлжит XX хуралдаан дээр онцолж байна.

2019 оны нийслэл хотын төсөв, хувьчлах өмчийн жагсаалт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах зэрэг 6 асуудлыг хэлэлцэж буй НИТХ-ын ээлжит XX хуралдаан дээр нийслэлийн төсвийн орлогын 83.4 хувь буюу 835.1 тэрбум төгрөгийг татварын, үлдсэнийг нь татварын бус орлогоос бүрдүүлэхээр тооцсон талаар нийслэлийн Засаг дарга С.Батболд танилцуулав. Харин төсвийн зарлагыг боловсруулахдаа:

  • нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах олговорт 33.4 тэрбум төгрөгийг,
  • нийтийн тээврийн үйлчилгээний эрхэлдэг ААН-үүдийн цагийн тариф, сэлгэн суултад 73.4 тэрбум төгрөгийг,
  • 2018 оны өр төлбөрт 7.7 тэрбум төгрөгийг олгохоор тусгажээ.


Мөн Улаанбаатар хотын хот нийтийн аж ахуйн үйлчилгээний зардалд 81.3, ЖДҮ-ийг дэмжих санд 1.9, бичил зээлийг дэмжих санд 4.3 тэрбум төгрөг төсөвлөхөөр төлөвлөсөн байна. Ирэх онд төсвийн:

  • 160.3 тэрбум төгрөгөөр хот байгуулалтын,
  • 40.2 тэрбумаар авто замын,
  • 26.3 тэрбумаар хот нийтийн аж ахуйн,
  • 18.8 тэрбум төгрөгөөр нийгмийн,
  • 4.7 тэрбум төгрөгаар нийтийн тээврийн,
  • 8.3 тэрбум төгрөгөөр төрийн үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт хийх,
  • 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг байгаль орчны салбарт оруулахаар төлөвлөжээ.

Хуралдаанаар мөн "Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ыг шинэчлэн батлах талаар хэлэлцлээ. Улаанбаатар хотод концессын "барих-шилжүүлэх" төрөлтэй нийтдээ 84.1 тэрбум төгрөгийн гэрээний үнийн дүнтэй 19 гэрээт ажил хэрэгжүүлж, дуусгажээ. Энэ оны төсөвт 11.6 тэрбум төгрөг тусган уг ажлуудыг санхүүжүүлснээр эргэн төлөлт дуусгавар болсон байна. "Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-д 10 төсөл, хөтөлбөр тусгасны гурав нь гэрээ байгуулсан, долоо нь шинээр нэмэгдэж буй төсөл, хөтөлбөр байна. Шинээр батлуулахаар боловсруулсан төсөл, хөтөлбөрийн гурав нь авто замын, хоёр нь боловсрол, соёл урлаг, биеийн тамирын салбарынх аж. Харин шинээр нэмэгдэж буй төслүүд нь

  • "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" НӨҮГ-ын авто зогсоол барих,
  • Улаанбаатар хотын баруун болон зүүн хэсэгт ачаа тээврийн нэгдсэн ложистик төв барих,
  • Цэнгэлдэх хүрээлэн барих, нийслэлийн эмгэг судлалын төв байгуулах,
  • “Монгол наадам цогцолбор” барих зэрэг төслийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгчид асуулт тавьж хариултаа авсан юм. Төлөөлөгч Л.Нарантуа: -Татварын орлогын бүрдүүлэлтийг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн хэрнээ ЖДҮ-ийн хөрөнгийг бууруулсан байна. Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлалын зардалд дахиад өнөө жил гурван тэрбум төгрөг төсөвлөжээ. Мөн тавилга, нүүлгэн шилжүүлэх зардалд дөрвөн тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Урсгал зардлаа бууруулж, ЖДҮ-ээ дэмжиж болохгүй юу?

Нийслэлийн Засаг дарга С.Батболд: -Улсын төсвөөс хамааралтай татварын орлогын хэмжээ өссөн. Хот өөрийн соёл, урлагийн арга хэмжээтэй байх хэрэгтэй. Энэ бүх арга хэмжээг хэрэгжүүлэх санхүүжилт Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлалын зардлаас гардаг юм. Энэ хөрөнгийг өмнөх Засаг дарга нар ч төсөвлөдөг байсан. Ажлын байрны тухайд төр үүнийг нэмдэггүй, хувийн хэвшил бий болгодог учраас хувийн хэвшлээ дэмжих хэрэгтэй.

Дүүргүүдэд байгуулсан бизнес инкубатор төвүүд хоосон байна. Тиймээс дахин төв барих шаардлага байна уу.

ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлийг банкаар дамжуулан олгох хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.

Төлөөлөгч Д.Бадарсан: -Нийтийн тээврийн салбарт төсөвлөж буй хөрөнгө жилд 10 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа хэр нь үйлчилгээ нь сайжрахгүй юм?

Нийслэлийн Засаг дарга С.Батболд: -Нийтийн тээврийн зардал санаа зовоож байгаа. Өнгөрсөн долоо хоногт ААН-үүдийн төлөөлөл надтай уулзсан. Тэд үлдэгдэл 7.7 тэрбум төгрөгийг төсөв суулгахгүй бол ажил хаяж, үйлчилгээ үзүүлэхгүй гэсэн. Жил бүр л ийм шахалт үзүүлдэг. Сангийн яам татаасанд анхаарал хандуулдаггүй. Асуудал хэлэхээр үнэ, тарифыг нь зах зээлийн зарчмаар нь зохицуул гэдэг. Тиймээс асуудлыг нухацай хэлэлцэх шаардлага бий. Та бүхэн л ярилцаж, шийдвэр гаргах хэрэгтэй.

Төлөөлөгч Ц.Сандаг-Очир: -Ирэх онд сургууль, цэцэрлэгийн олон барилга барих нь. Газар чөлөөлөлтөд төсөвлөсөн хөрөнгө хүрэх үү.  

Нийслэлийн Засаг дарга С.Батболд: -Өнгөрсөн жилүүдэд улсын төсвийн хөрөнгөөр барьсан бүх ажлын газар чөлөөлөлтийн зардлыг нийслэл хариуцсан. Засгийн газраас энд 25 тэрбум төгрөг төсөвлөж өгнө гэсэн. Одоо бид иргэдэд 1.6 тэрбум төгрөгийн өртэй байна. Нийслэлийн Газрын албанд гомдсон иргэд өдөр бүр ирж байгаа. Бид Засгийн газар, Сангийн яамныханд итгээд хариуцсан ажлаа хийсэн. Иргэдийн газрын төлбөрийг ирэх оны төсөвт суулгасан хөрөнгөнөөс шийдэж өгнө.

Төлөөлөгч Ц.Баатархүү: -10 тэрбум төгрөгөөр соёлын төвийн барилга барихаар тусгасан атлаа 300 гаруй мянган хүн амтай Баянзүрх дүүрэгт эмнэлэг барих төсөл яагаад оруулж ирэхгүй байна вэ?

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа: -Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн бүх байгууллагын барилгын 80 гаруй хувийг нь шинэчлэх шаардлагатай. Бид жил бүр хөрөнгө төсөвлөдөг. Ирэх онд 10 гаруй тэрбум төгрөгийн ажил хийхээр төлөвлөсөн. Чингэлтэй дүүргийн хүүхдийн эмнэлгийн газрын асуудлыг шийдвэрлэсэн. Ирэх онд барилгын ажлыг эхлүүлнэ гэв. Мэдээлэл гарах үед НИТХ-ын ээлжит хуралдаан хуралдсаар байна. 

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Related news