“Хөдөлмөр эрхлэлтийн форум-2018” дээр “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-12-04 14:28:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотын зүгээс залуусын хөдөлмөр эрхлэлт болон бичил, мөн гарааны бизнесийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, өөрөө өөртөө ажлын байр бий болгох “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлж буйгаа өнөөдөр “Туушин зочид буудалд болсон “Хөдөлмөр эрхлэлтийн форум-2018” дээр Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг танилцууллаа.

Энэхүү хөтөлбөр нь нийслэлд ядуурлыг бууруулж, ажилгүйдлийг багасгахад чиглэж буйг Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцолж байв.


Энэ зорилгоор нийслэл хотоос өнгөрсөн онд хөтөлбөр боловсруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд анхаарахаар болсон юм гэвТэрээр хүн ам, оршин суугчид нь хэдийнэ 1.4 саяд хүрээд буй Улаанбаатар хотын хөдөлмөрийн зах зээл дэх тэгш оролцоог зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар хангана гэдгээ хэлж байв.

НИТХ, хотын Засаг даргаас батлуулсан “Нэг өрх-Нэг ажлын байр” дэд хөтөлбөр ч үүнд чиглэж буй аж. Хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох өрхийн хөдөлмөр эрхлэлтийн байдлын талаарх судалгааг хийж, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”, “Цагийн ажлын бирж” зэргийг байгуулж ажилласан нь иргэдэд нэлээн ойртсон үйлчилгээ болж үр дүнгээ өгч буйг “Хөдөлмөр эрхлэлтийн форум-2018”-д оролцогчид тэмдэглэж байв. Нийслэлийн 152 хорооны иргэдийг хамарч буй хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 8340 иргэн хамрагдаж, 7344 ажлынбайрыг хадгалан авч үлдэж, 3090 ажлын барыг шинээр бий болсныг  Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг тэмдэглэж байв.


Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр нийслэлд сүүлийн жилд гарсан үр дүнтэй нэг том үйл ажиллагаанд эдийн засгийн идэвхигүй хүн амын дунд нэлээдгүй хувийг эзэлж байсан, хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийг ажилд хамруулах Азийн сан, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны “КОЙКО” байгууллагын хөрөнгө оруулалтаар “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”-ийг байгуулсан явдал орж байна. 


“Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв" нь олон арван эмэгтэйчүүдийг ажилтай болгож өрхийн болон бизнесийн орлогыг нэмэгдүүлж буй үр дүнг олон улсын байгууллагуудын зүгээс “үнэлж”, уг төвийн төслийн үйл ажиллагааг цаашид 2019-2020 онд үргэлжлүүлэн 2 дахь шатны төслийг хэрэгжүүлэхээр болжээ.



Тодруулга: Улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2017 оны байдлаар 55.8, Улаанбаатар хотын хэмжээнд 48.7 хувь гэсэн судалгаа байдаг аж. Мөн ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд 8.8, Улаанбаатар хотын хэмжээнд 7.7 хувьтай байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг нийгмийн олон талын оролцоонд тулгуурлан шийдвэрлэх боломж, гарц, шийдлийг тодорхойлохын тулд уг арга хэмжээнд ажил олгогчид болон төр засгийн ажилтнууд оролцож байна.  Уг арга хэмжээг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар санаачлан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Карьер хөгжлийн төв хамтран энэхүү форумыг зохион байгуулж буй юм.

 

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

 

 

Related news