Өвөлжилтийн байдалтай танилцах баг аймгуудад ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар
/МОНЦАМЭ/. Орон нутгийн түвшинд
өвөлжилтийн бэлтгэлийн явцтай танилцах зорилгоор ХХААХҮЯ-ны удирдлага,
мэргэжилтнүүд зургаан хэсэг болж, энэ 12-р сарын 15-ныг хүртэл Монгол Улсын 18 аймагт ажиллаж байна. Энэ
үеэр өвөлжилтийн бэлтгэлээ хангалтгүй базааж буй аймаг, орон нутгийн
удирдлагад шаардлага тавьж байгаа юм.
Ажлын хэсгийнхэн “ХАА-н
салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний тухай” Засгийн газрын 218
дугаар тогтоол, сахилга хариуцлагыг өндөржүүлэх тухай Засгийн газрын 2018 оны
258 дугаар тогтоол, ХХААХҮ-ийн сайдын зөвлөмж, албан даалгаврын хэрэгжилтийн
явцтай газар дээр нь танилцаж, өвөлжилтийн бэлтгэлээ хангахын тулд орон
нутагтаа авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд үнэлгээ, дүгнэлт өгч байна.
ХХААХҮЯ-ны Малын
үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батсүрэнгээр
ахлуулсан дэд ажлын хэсэг Дундговь, Дорноговь аймагт ажиллаж байна. Энэ удаад
Өмнөговь, Говьсүмбэр аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцуулбал, Өмнөговь
аймагт
орон нутгийн төсвийн
хөрөнгөөр 100 тонн өвс, 100 тонн тэжээл татан авахаар болжээ. Аравдугаар сарын
4-ний өдрийн байдлаар малчид, иргэдийн оролцоотойгоор 1340.8 тонн өвс, 469,3
тонн гар тэжээл, 2501,2 тонн хужир шүү бэлтгэсэн бол 15 сумын аюулгүйн нөөцөд
77.5 тонн өвс, 10.4 тонн тэжээл нөөцлөөд байгааг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн
газраас мэдээлэл өгчээ.
Албан байгууллага, аж ахуйн нэгж, сургуулийн сурагчид өвөлжилтийн бэлтгэлд оролцож, өвс хадах, зоодой бэлтгэх тухай Аймгийн Засаг даргын албан даалгаврын дагуу түншлэлийн холбооны 52 байгууллага 134.2 тонн байгалийн хадлан, 18 сургуулийн 10300 гаруй сурагч 22.7 тонн өвс, 5.9 тонн зоодой тус тус бэлтгэн хүлээлгэн өгсөн нь оновчтой санаачилга, сайн туршлага гэж үзэж байна.
Говьсүмбэр аймгийн хувьд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах, шалгах, дүгнэх зааварт зааснаар хонин толгойд шилжүүлсэн адуу тэмээний 5, үхэр, хонь, ямааны 20 хувийг өдөрт нэг кг өвсөөр тооцож, 120 хоног тэжээх өвс бэлтгэх ёстойгоос тус аймгаас хадлангийн 8 салаа Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн таван суманд хадлан хадаж, 1102 тонн өвс бэлтгэсэн мэдээтэй байна.
Одоогийн байдлаар
ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амараар ахлуулсан дэд ажлын
хэсэг баруун аймгуудаар, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын
дарга Д.Батмөнхөөр ахлуулсан дэд ажлын хэсэг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт
тус тус ажиллаж байна.