Зорилтот бүлгийн 2 өрхөд өргөө цагаан гэр бэлэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-12-18 17:00:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн санаачилгаар тус дүүргийн 9 дүгээр хорооны зорилтот бүлгийн 2 өрхөд өргөө цагаан гэр бэлэглэж, батламж гардууллаа. 

Бага насны хүүхэдтэй ганц бие хүмүүст хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь гэр бүлийн хэрэгцээнд хүрэлцдэггүй нь хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад бэрхшээлтэй байдаг. Иймд тус хорооны иргэн Б.Үүрийнтуяа, А.Отгонгэрэл нарт таван ханатай өргөө цагаан гэрийг албан ёсоор хүлээлгэн өглөө.  

Иргэн Б.Үүрийнтуяа нь 1-10 насны 4 хүүхэдтэй эрхэлсэн ажилгүй. Нөхөр нь ажил хийдэг ч айлын хашаа, гэр түрээслэн амьдарч ирсэн. Мөн тус хорооны иргэн А.Отгонгэрэл нь 0-5 насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон хөгжлийн бэрхшээлтэй иргэн бөгөөд өөрийн гэсэн орон гэргүй, олон жил айлын хашаанд хамаатан садангийнхаа хамт түрээсийн гэрт амьдарч байсан. Өргөө цагаан гэртэй болж байгаадаа туйлын баяртай байгаагаа илэрхийллээ
Related news