Д.Цэнд: Тайпэйн үзэсгэлэн нь барилгын салбарын чанар, стандартыг сайжруулахад нөлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-12-19 16:25:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайпэй хотноо энэ сарын 13-16-нд болсон 2018 оны 30 дахь удаагийн Тайпэйн олон улсын барилга, барилгын материалын үзэсгэлэнд манай бизнесийн төлөөлөл оролцов.

Үзэсгэлэнгийн багийг Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Цэнд ахалжээ.Тэрээр энэхүү арга хэмжээ хоёр талын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхийн сацуу Монгол Улсын барилгын салбарын чанар, стандартыг сайжруулахад тодорхой хувь нэмэр оруулна хэмээв.


Монголын 12 компанийн 30 орчим төлөөлөгч энэ удаагийн үзэсгэлэнд оролцож МҮХАҮТ-ын павильонд барилгын салбарын томоохон төслүүдийн танилцуулга, дагуул хотын талаарх төлөвлөгөөгөө танилцуулж буй нь   хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихэд татжээ.

Да жань ХХК-ийн удирдах зөвлөлийн дарга Чью Вэн Лянг хэлэхдээ, "Монгол Улсын эдийн засаг эргэн сэргэж, энэ жилийн эхний хагаст эдийн засгийн өсөлт 63 хувьд хүрч, үүнийг дагаад барилгын материалын эрэлт өсч буй нь ажиглагдсан. Зохион байгуулагчийн зүгээс бизнес уулзалтыг зохион байгуулсан нь хоёр орны хамтын ажиллагааг тэлж хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх таатай боломж гэж харж байна. Энэ удаа Тайванийн гангаар хийсэн бүтээгдэхүүн, угаалгын өрөөний хэрэгсэл, гипс хавтан, тусгаарлагч материал болон шавар бүтээгдэхүүн зэргийг түлхүү сурталчиллаа" гэв.

 Тайпэйн олон улсын барилга, барилгын материалын үзэсгэлэнд 2,200 гаруй павильонд нийт 10 гаруй орны 550 орчим бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ сурталчилан оролцов.

Related news