АНУ-ын хил дээр дахин нэг хүүхэд нас баржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын албаны баривчилгаанд байсан найман настай Гватемал хүү мягмар гарагийн шөнө нас барсан тухай тус улсын Цагаачлалын газраас мэдээлэв.
АНУ-Мексикийн хилийг хууль бусаар давсны улмаас баривчлагдан саатуулагдсан цагаачдын дунд бага насны хүүхэд нас барсан хоёр дахь тохиолдол энэ болжээ.
Өмнө нь долоон
настай Гватемал охин баривчлагдсанаас хэдхэн цагийн дараа хүчилтөрөгчийн дутагдал
болон гэнэтийн цочролын улмаас нас барсан гэж “Washington Post” сонин мэдээлсэн юм. Харин АНУ-ын Засаг захиргааны
төлөөлөгчийн мэдээлснээр, охин элэгний дутагдлын улмаас нас барсан аж.
Гааль, хилийн хамгаалалтын албаны мэдэгдэлд тэмдэглэснээр, Гватемал хүү 12 дугаар сарын 25-ны шөнө нас барсан бөгөөд хүүд даваа гарагаас эхлэн өвчний шинж тэмдэгүүд илэрч эхэлжээ. Тухайн өдөр нь хүүг аавынх нь хамтаар Нью-Мексико мужийн эмнэлэгт хүргэсэн ба эмч түүнийг ханиад хүрсэн, халуунтай байна гэж оношлон, “амоксициллин” болон “ибупрофен” эмийг бичиж өгчээ.
Хүүг даваа гарагийн өдөр эмнэлгээс гаргасан боловч тухай өдрийнхөө орой гэнэт
бөөлжиж эхэлсний улмаас эмнэлэгт дахин хүргэгджээ. Түүнээс хойш хэдхэн цагийн
дараа хүү тус эмнэлэгт нас барсан байна.
“Бага насны хүүгийн нас барсан шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. Энэ
хэргийн талаар АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам болон Гватемалын Засгийн
газарт мэдэгдсэн” гэж Гааль, хилийн хамгаалалтын албаны төлөөлөгч
мэдээлжээ.