БНХАУ биеэ үнэлэгчдийг засан хүмүүжүүлэх дүрэм журмаа цуцалж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-26 14:33:42

БЭЭЖИН. /РИА Новости/. Хятадын эрх баригчид 30 орчим жил үйлчилж буй биеэ үнэлэгчид болон тэдний үйлчлүүлэгчдийг баривчлан саатуулах, заавал засан хүмүүжүүлэх тухай дүрэм журмыг цуцалж магадгүй байна. Энэ тухай “China Daily” сонин мэдээлсэн байна.


Энэ журмыг цуцлах тухай санаачилгыг Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Хүний эрхийн асуудал эрхэлсэн хороо танилцуулжээ.


Одоо үйлчилж буй дүрэм журмуудыг цуцлахад хувь нэмэр оруулахын тулд шаардлагатай арга хэмжээнүүдийг цаг тухайд нь авч хэрэгжүүлэхийг тус хороо эрх бүхий байгууллагадууд санал болгож байгаа аж.


Төрийн зөвлөлийн 1990-ээд онд тогтоосон дүрэм журмын дагуу биеэ үнэлэгчид болон түүний үйлчлүүлэгчид хийсэн хэргийнхээ төлөө баривчлагдан саатуулагдаж, 6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар хоригддог аж. Энэ хугацаанд хоригдлууд ёс зүй болон хууль зүйн талаархи сургалт, дамжаанд хамрагдахаас гадна эрүүл мэндийн үзлэгт орох ёстой байдаг гэнэ.


“Энэ хэм хэмжээнүүд нь хүний эрхийг хамгаалдаг үндсэн хуульд нийцэхгүй байна” гэж Бүх Хятадын хуульчдын холбооны дэд ерөнхийлөгч Жу Жэнфу онцлон тэмдэглэжээ.

 

Related news