Энэтхэг улс тунхагласны 70 жилийн ойг тэмдэглэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. БНЭУ тунхагласны 70 жилийн ойн ёслол өчигдөр Шангрила зочид буудлын хүндэтгэлийн танхимд боллоо.
Ёслолд УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн болон дипломат байгууллагын хүндтэй зочид төлөөлөгч, Монгол Улсад ажиллаж амьдарч буй энэтхэг иргэд оролцов.
БНЭУ, Монгол Улсын төрийн дууллыг Цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид эгшиглүүлснээр ёслол төгөлдөр эхэлсэн юм. Үүний дараа БНЭУ-ын ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч О.П. Мийна, Монгол Улсын Батлан Хамгаалахын сайд Н.Энхболд нар нээж үг хэлэв.
БНЭУ-ын ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч О.П. Мийна, “Энэтхэг, Монгол хоёр орны хамтын ажиллагаа хангалттай сайн хөгжиж ирсэн түүхтэй. Тэр дундаа батлан хамгаалах, хил хамгаалах, боловсрол, соёл урлаг зэрэг чиглэлд хоёр улс нягт хамтран ажиллаж байна. Мөн Монгол Улсын газрын тос боловсруулах үйлдвэр барих 1.36 тэрбум ам.долларын төсөлд нэг тэрбум ам.долларыг хөнгөлөлттэй зээлээр олгохоор тохиролцсон” гэлээ.
Монгол Улсын Батлан Хамгаалахын сайд Н. Энхболд, “Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс та бүхэнд улс тунхагласны баярын мэнд дэвшүүлье. Монгол, Энэтхэгийн ард түмэн өнө эртнээс түүх, соёл, оюун санааны хэлхээтэй ирсэн. Монголчууд Энэтхэг орныг бурханы, дэлхийн дээвэр орон хэмээн хүндэтгэдэг билээ. Түүнчлэн БНЭУ-ыг бүс нутаг дахь гол түнш бөгөөд, гуравдагч хөрш орноо хэмээн харилцаа, хамтын ажиллагаандаа тэргүүлэх ач холбогдол өгч ирсэн. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 60 гаруй жилийн хугацаанд улс төр, батлан хамгаалах, соёл урлаг, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг нийгмийн бүхий л салбарт нягт хамтран ажиллаж ирсэн юм. Мөн хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа улам хөгжиж байгааг дуулгахад таатай байна” хэмээв.
Ёслолын үеэр, БНЭУ-ын Гадаад хэргийн яамны сайд хатагтай Сушма Сваражыг төлөөлөн Хэргийг түр хамаарагч О.П.Мийна МУГЖ хатагтай Т.Ариунаад талархлын захиаг гардууллаа. Тэрээр Махатма Гандийн мэндэлсний 150 жилийн ойн хүрээнд “Залбирлын дуу”-г дуулсан нь БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модид ихээр таалагдсан ба өөрийн “Твиттер” хуудаснаа нийтэлснийг онцлон тэмдэглэж байв.
“Махатма Ганди хэмээх аугаа хүний 150 жилийн ойд зориулан дэлхийн 150 оронд “Залбирлын дуу”-г дуулах уралдаан зарласан. Үүнд Монгол Улсаа төлөөлж оролцсон бөгөөд Залбирлын дууг миний дуулснаар Энэтхэг төдийгүй дэлхийн маш олон хүн сонссон байсан хэмээн МУГЖ, дуучин Т.Ариунаа онцлоод "Энэхүү дууны утга нь байгаль дэлхийг шүтэх, материаллаг зүйлийг орхиж хүн өөрийн доторх бурхан буюу оюун санаандаа залбирч, түмэн олны төлөө эгэлгүй сэтгэлийг гаргах ёстой хэмээсэн байдаг. Тус улсын Ерөнхий сайд энэхүү дууг Энэтхэгт ирж дуулахыг хүссэн. Заавал очиж дуулна” гэв.
Монгол Улсын Элчин сайд доктор, профессор О.Нямдаваа, “Хоёр орны хувьд өнө эртний түүхийн харилцаа холбоотой. Зарим түүхчид 10 мянга гаруй жилийн өмнөөс харилцаж ирсэн гэж үздэг. Шинжлэх ухааны зарим баримтад, 3700 жилийн тэртээгээс хэлхээ холбоотой ирсэн ард түмэн ч гэж үздэг байна. Монгол, Энэтхэг улс яахын аргагүй шашин, оюун санааны хувьд ижил ард түмэн. Тухайлбал, Энэтхэгийн буддизмын сургаал номлол 2-3 дугаар зуунд Монголд нэвтэрч байсан гэх түүхийн сурвалжууд бий” хэмээн онцлон тэмдэглэв.
БНЭУ нь 1947 онд Их Британийн колоничлолоос бүрэн чөлөөлөгдсөн ч тухайн үед үндсэн хуульгүй байсан учир хоёр жил гаруй хугацааны дараа буюу 1949 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр шинэ үндсэн хуулиа баталж, улс тунхагласнаа албан ёсоор зарлаж байжээ. Тус улс нь өдгөө 52 мужаас бүрдэх бөгөөд 1.2 тэрбум хүн амтай. Улс тунхагласны баяраар дээрх муж бүрийн онцлогийг харуулсан ёслолын жагсаал Дели хотноо болдог байна.