Европын холбооноос Монгол дахь хөдөлмөрийн эрхзүйг үнэлэн судалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-01-31 15:19:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад олон улсын хөдөлмөрийн суурь зарчмын эрх, хэм хэмжээг хэрхэн хэрэгжүүлж буйг үнэлж, дэмжих зорилгоор хэрэгжсэн Европын холбооны “GPS Plus” хөтөлбөрийн GSP+2” төслийн хаалтыг дүгнэсэн уулзалт өнөөдөр “Блю скай” зочид буудалд боллоо.

Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-тай хамтран хэрэгжүүлсэн дээрх төслийн хүрээнд Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлд ААН, байгууллагуудаас санал авах, ҮЭ-ийн шугамаар идэвхтэн гишүүдийн дунд сургалт зохион байгуулж мэдээллээр ханган, мэргэжлийн зөвлөгөө өгч ажилласан талаар ОУХБ-ын Үндэсний зохицуулагч П.Болормаа танилцуулсан юм. Тодруулбал, Дархан-Уул аймагт “Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Үндэсний сүлжээ”-ний үйл ажиллагааг орон нутагт тэлэх эхлэлийг тавьж, Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Хөдөлмөрийн төв биржтэй хамтран ажил идэвхтэй хайж буй оюутан залуусын дунд болон “Дүнжингарав”, “Хархорин” худалдааны төвүүдэд албан бус хувиараа хөдөлмөр эрхлэж буй залуучууд, “Нарантуул” захын хувиараа тээвэр эрхлэгчид, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах “ТЭСО”, “Сүү”, “Алтан тариа” болон Дархан-Уул аймагт “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК зэрэг манай томоохон ААН, компанийн залуу ажилчдын дун сургалт явуулжээ.


Төслийн хүрээнд мөн Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул аймагт ЖДҮ эрхэлж, худалдаа, үйлчилгээ, нос ноолуурын салбарт ажиллаж буй иргэдийн дунд хөдөлмөр эрхлэлтийн талаар судалгаа явуулсан байна. Судалгааны дүнд албадан хөдөлмөр эрхлүүлэлтийн нийтлэг шинж болох ажилтнуудын хувийн баримт бичиг, эсвэл цалинг ажил олгогч эзэд барьцаа болгон авдаг тохиолдол их гарсан байна. Мөн залуучууд, эмэгтэйчүүд ажлын байрны дарамтанд өртдөг зөрчил дутагдал нэлээд илэрчээ. Энэ нь ажилтнууд хөдөлмөрийн эрх зүй, хэм хэмжээний талаар мэдээлэлгүй байдаг, ажил олгогч захирал, эздийн зүгээс хөдөлмөрийн талаар мэдээлэл өгдөггүйгээс болж буйг өнөөдрийн ярилцлагын үеэр хөндөж байв. Хуулийн дагуу бизнесийн байгууллагуудад хөдөлмөр эрхлэлтийг хянаж байх ёстой атал энэ талаар урьдчилан мэдээлэл байдаггүй зэрэг нь ажил олгогчдод зөрчлөө нуух боломжийг олгодог байна.


ҮЭ-ийн байгууллагуудын дунд хийсэн хөдөлмөрийн эрхзүйн орчны шинжилгээгээр албан бус эдийн засагт ажиллагчдын эвлэлдэн нэгдэх болон хамтын хэлэлцээ хийж эрхээ хамгаалж хэрэгжүүлэхэд хууль эрхзүйн талаас шууд саад байхгүй боловч ажил олгогч болон ажилчдын аль аль нь зохион байгуулалтад ороогүй байна гэж дүгнэжээ.




Мөн ҮЭ-ийн гишүүдийн дунд хөдөлмөрлөх эрхийн талаарх мэдлэг дутмаг, эвлэлдэн нэгдэж, хамтын хэлэлцээ хийхийн ач холбогдол, зорилго, давуу талыг ойлгоогүй, (ойлгуулаагүй) гишүүнчлэлийн татвараа төлөх чадваргүй байдаг зэрэг байдал их гарч, энэ нь хөдөлмөр эрхлэлтэнд сөргөөр нөлөөлж буй дүн гарчээ.

Европын холбооны “GPS Plus” хөтөлбөр, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төслийн II шатны хаалтын ажиллагаанд ОУХБ-аас БНХАУ, Монгол Улсыг хариуцсан шинжээч, хатагтай Париссара Льюкит, Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын дэд тэргүүн, Элчин зөвлөх Марко Фэрри болон НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны төлөөлөл, ХНХЯ, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭ-үүдийн холбоо, ХЭҮК, МХЕГ, Монголын хуульчдын холбоо, Монголын залуучуудын холбоо, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын төлөөлөгчид оролцлоо.

 

Б.Болд

Гэрэл зургуудыг Т.Чимгээ

Related news