“Ногоон бэлчээр” төсөл хэрэгжсэнээр малчдын орлого нэмэгдэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хасбанк, Швейцарийн хөгжлийн агентлаг болон Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран “Ногоон алт” малын эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд байгальд хөнөөлгүй, бэлчээрийг зүй зохистой ашиглах “Ногоон бэлчээр” төслийг Ховд аймгийн Чандмань суманд хэрэгжүүлэхээр боллоо.
Хамтран ажиллах санамж
бичигт өнөөдөр Хасбанкны гүйцэтгэх захирал М.Болдоо, Швейцарийн хөгжлийн
агентлагийн хамтын ажиллагааны захирал, ерөнхий консул Габриерлла Спирли,
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг нар гарын
үсэг зурав.
Төсөл нь малын бэлчээрийн
доройтлыг бууруулах, малын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, мах бэлтгэлийг
дэмжих, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм. Хасбанкны хувьд шаардлагатай
санхүүгийн эх үүсвэрээр ханган, тодорхой шаардлага хангасан малчдад хөнгөлөлттэй
нөхцлөөр зээл олгох юм. Төсөл амжилттай хэрэгжсэнээр малчин өрхийн санхүүгийн
боловсрол, өрсөлдөх чадвар бүхий хөдөө аж ахуйн тогтолцоог бүрдүүлэх, байгаль
орчин, нийгмийн үр ашиг сайжрах зэргээр харилцан ашигтай түншлэлийн эхлэл болно
хэмээн талууд үзэж байна.
Монголын бэлчээр
ашиглагчдын нэгдсэн холбооны зөвлөх Б.Мэнджаргал хэлэхдээ, “Эхний шатанд тодорхой
шаардлага хангасан малчдад хөнгөлттэй зээл олгоно. Малчид зээлд хамрагдсанаар
тухайн орон нутгийнхаа бэлчээрт тохирсон мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрхлэх,
малчдын өрхийн орлого нэмэгдэж, амьжиргааны түвшин дээшлэх үр дүнтэй” гэв.
Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны захирал, ерөнхий консул Габриерлла Спирли хэлэхдээ, “Малын тоо толгойг бэлчээрт тохируулснаар бэлчээрийн доройтол буурах, малын чанар сайжрах үр дүнтэй. Малчидтай хамтран ажилласнаар малаас гарах түүхий эд, ноос ноолуурыг дотоодын болон дэлхийн зах зээлд нийлүүлэх, таниулахаар ажиллаж байна” гэлээ.
Б.Дэнзэнсамбуу