Хүүхдийн тоглоомын газар ирэх сарын 1-нийг дуустал ажиллахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу томуугийн вирусийн халдварын тархалт нэмэгдэх эрсдлээс сэргийлж нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг ирэх сарын 1-нийг хүртэл түр хугацаагаар зогсоолоо.
Мөн нийслэлийн ЕБС, цэцэрлэгээс бусад
сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн үйл ажиллагаа, кинотеатр, үзвэр үйлчилгээ
болон ресторан, нийтийн хоолны газарт 10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй
байхыг холбогдох газруудад үүрэг болгов.
Томуугийн вирусийн халдварын тархалт сар шинийн баярын амралтын өдрүүдэд ихсэх хандлагатай байгаа тул бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, олон нийтийн газарт аль болох дагуулж явахгүй байх, улирлын байдалд нь тохируулан дулаан хувцаслах, амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, амны хаалтыг тогтмол зүүлгэж хэвших, амьсгалын замын халдварт өвчин болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг НЭМГ эцэг эхчүүдэд уриалж байна.