Х.Баттулга: Өнөөдөр ухаарал эргэцүүлэл, хайрын өдөр юм

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-08 11:13:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд болдог Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Алдарт эхийн одонт ээжүүдийн чуулга уулзалтаар эхэллээ.

Яг одоо Төрийн ордонд болж буй уг чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор зохион байгуулж байна. Мянга гаруй эх, эмэгтэйчүүд оролцож буй чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж, эх Монгол орны мянга мянган сайхан ээжүүд сүүн цагаан цацлаа наран өөдөө өргөсөн сайхан өдрийн эрхэм хүндэт зочид болсон Алдарт эхийн одонтой ачлалт эхчүүдэд ерөөл ерөөлийн дээдийг өргөн барьж, баярын мэнд хүргэлээ.


Тэрээр, “Эхчүүд, эмэгтэйчүүд та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг хүргэж, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе. Өнөөдөр баярын өдөр гэхээсээ илүү ухаарал эргэцүүлэл, хайрын өдөр гэж би хувьдаа бодож явдаг. Энэ өдрийн уламжилж ирсэн хандлага, агуулга, эх үндэс нь угаасаа ийм юм билээ” гээд, өчигдөр энэ танхимд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Хүчирхийллын эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулган болсныг дурдаад, “Монгол бүсгүйчүүдийн нийгмийн байдал, оролцоо өнөөдөр ямар түвшинд байгаа, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хэрхэн хэрэгжиж байгааг бид энэ өдөр тодорхойлон ярилцаж, нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, оролцоог ханган нэмэгдүүлж, бодлого, боломж нөхцөлийг дээшлүүлэх талаар санал бодлоо гаргаж шаардах ёстой чухал өдөр” гэдгийг онцоллоо.

“Эмэгтэйчүүдийн эрхийн хүрээний асуудлыг тодорхой задалж харваас улстөрд шийдвэр гаргах түвшин дэх тэдний оролцоо, хөдөлмөр эрхлэх байдал, гэр бүлийн орчин дахь хүчирхийлэл, хүний наймаанд өртөх, эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрхүүд эрэмбэлэгдэж байна. Эдгээрээс боловсролын тухайд, эмэгтэйчүүдийн эрх сайн хангагдсан гэсэн үнэлгээг тавьж болохоор байгаа бөгөөд дээд боловсролтой иргэдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байна. Харин бусад асуудлын тухайд дунд болон дундаас доош гэсэн үнэлгээ бүхий нөхцөлд бид амьдарч байна” гэв. 

Б.Болд

Гэрэл зургуудыг Б.Чадраабал







Related news