Шатарчин Ц.Анударь Ази тивийн өсвөрийн аварга болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын өсврийн шатарчид Шри Ланк улсад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилтыг үзүүлж, охидын 12 насанд Ц.Анударь есөн өргийн тоглолтоос долоо хожиж, хоёр тэнцэн 8 оноогоор тивийн аварга болов.
Энэ сарын 1-10-нд зохион байгуулсан өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 20 орны 300 гаруй шатарчин 8-18 насны ангилалд шилдгүүдээ тодруулсан байна. Ц.Анударийн насны ангилалд Вьетнам, Казахстаны шатарчид мөнгө, хүрэл медаль хүртсэн бөгөөд Г.Халиунаа шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ. Тус ангилалд нийт 12 орны 55 шатарчин өрсөлдсөн байна.
Хөвгүүдийн 12 насанд Л.Очирбат дөрөв хожиж, тав тэнцэн 6,5 оноогоор хүрэл медаль хүртсэн бөгөөд тус ангилалд нийт 57 шатарчин өрсөлдөж, БНХАУ, Энэтхэгийн тамирчин алт, мөнгөн медаль хүртжээ.
Манай бусад шатарчид рапид, блиц төрөлд амжилттай оролцож медаль хүртжээ. Баг тамирчид өнөөдөр эх орондоо ирж байна.