Замын цагдаагийн гүүрэн гарцыг ирэх 11 дүгээр сард ашиглалтад оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Олимпын гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо барих гүүрэн гарц”-ын барилгатай өнгөрсөн амралтын өдөр танилцлаа.
Нарны замаас урагшаа газар доорх гүүрийн доод байгууламжийн
ажил бүрэн дууссан, бусад ажил зураг төсөл хуваарийн дагуу явж байгаа, нийт ажлын
гүйцэтгэл 48 хувьтай, төлөвлөсөн хугацаандаа буюу энэ оны 11 дүгээр сарын 1-нд
ашиглалтад хүлээлгэн өгнө хэмээн гүйцэтгэгч компанийн удирдлагууд танилцуулав.
Хотын захирагч С.Амарсайхан “Чанар, стандарт, аюулгүй
байдал, технологийн горим алдуулахгүйгээр ажлын гүйцэтгэлийг шахаад долдугаар
сарын 1-ний дотор төв гүүрэн замыг ашиглалтад оруулж, замын хөдөлгөөнийг нээхийг
гүйцэтгэгч компани анхаарч ажиллах ёстой” гэв.
Хотын захирагч гүүрэн замын ажлыг хугацаанд нь бүрэн
гүйцэтгэж, төслийг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж, ажил зогсоосон, гацаасан
асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэв. Мөн төслийн ажлыг хурдтай гүйцэтгэх,
дулааны улиралтай зэрэгцэн хоёр ээлжээр ажиллуулах боломжтой эсэхийг гүйцэтгэгч
компани болон холбогдох удирдлагууд анхаарч ажиллахыг сануулав.
Төслийн хүрээнд барих гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэх
бөгөөд Олимпын гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр
Их Монгол улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16.5 м өргөн 4 эгнээ
гүүр, Зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” рампын
8.5 өргөн 2 эгнээ гүүр нийт 15 у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт,
Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын
гудамж руу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5 м өргөн, 2 эгнээ нийт
160 у/м гүүр, 110 у/м тулц ханатай, Нарны замын баруун талаас ирэх автомашин
үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух “А” рампын гүүр нь
8.5 м өргөн 2 эгнээ нийт 400 у/м гүүр, 237 у/м тулц ханатай, мөн төмөр зам
дээгүүр явган хүний гүүр болон дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон
төмөр бетон гүүр барих юм.
Төслийн нийт төсөвт өртөг 42.38 сая ам.доллар бөгөөд гүүрийг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.