Тахилтад бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн багтаамжтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга угсралтын ажлыг хийж байна.
Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлыг үе шаттай хийж буй.
Тус цогцолборыг 2115.6 ам дөрвөлжин метр талбай бүхий, зоорьгүй, хоёр давхар барилга байхаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар барилгын дотор засал болон гадна тохижилтын ажлуудыг хийж буй бөгөөд нийт барилгын ажил 88 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Уг барилгын
ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Их гүрний бүтээмж
констракшн" компани хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар
захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.