Нийслэлийн тэргүүний мянган ээж чуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-31 15:31:51
@s_munkhbaatar

Улаанбаатар. МОНЦАМЭ. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн санаачилгаар “Хариу нэхдэггүй буянтан” хүндэтгэлийн ёслол Төрийн ордны их танхимд өнөөдөр гурав дахь жилдээ боллоо. Ёслолд нийслэлийн 9 дүүргийн ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн мянган ээж оролцов. 


Ёслолд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, НАМЭХ-ны тэргүүлэгчид болон Монгол Улсад хавсран суугаа гадаадын элчин сайдын гэргий нар оролцсон.


Нээлтийн үеэр, УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны гишүүн Б.Сарангэрэл, “НАМЭХ нь мянга мянган эмэгтэйчүүдийг эгнээндээ нэгтгэсэн ТББ юм. Энэ утгаараа олон мянган эмэгтэйн нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудалд анхаарал хандуулж байдаг. Бид өнөөдөр ногоон хөгжил нь эх үрсийн эрүүл амьдралын үндсэн суурь байх ёстой гэдгийг ярьж байна. Дэлхийн улс орны хөгжлийг ногоон бодлого нь тодорхойлдог. Хамгийн аз жаргалтай улс орныг индексээр тодруулахад, ногоон байгууламжтай, ногоон хоттой улс дээгүүр байр эзэлдэг. Тиймээс эрүүл, аз жаргалтай иргэнтэй байхын тулд ногоон орчныг бий болгох ёстой. Энэ хүрээнд УИХ-ын гишүүнийхээ хувьд, цэцэрлэгт хүрээлэнгийн тухай хуулийг санаачилсан. Саяхан гэхэд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслийн ажлын багийг ахалж, батлуулсан. Мөн оюуны спортыг түгээн дэлгэрүүлэх, Монголын залуу үеийг мэдлэгтэй, хүмүүжилтэй, бодлоготой болгоход чиглэсэн “Ногоон бэрс” хөтөлбөрийг санаачилж, тодорхой үе шаттай бодлого гарган амжилттай хэрэгжүүлж байна” гэлээ.


ХНХ-ын сайд С.Чинзориг, “Засгийн газраас хүүхэд, эмэгтэйчүүдийн нийгмийн орчныг сайжруулахад олон ажил төлөвлөж байна. Олон хүүхэд төрүүлсэн ээжүүд хүүхдээ харж гэртээ суух, улмаар санхүүгийн бэрхшээл гарах нь бий. Тиймээс Засгийн газар эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг хангах чиглэлээр цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд 3 хүртэлх насны хүүхдээ гэртээ харж суудаг эхчүүдийг хамруулж, сар тутамд мөнгөн тэтгэмж олгох юм” гэв. 


Ёслолын үеэр уламжлал ёсоор Нийслэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан буянтнуудыг алдаршуулж “Хүндэт эмэгтэй” өргөмжлөл гардууллаа.






Гэрэл зургийг: Б.Чадраабал

Related news