Л.Энхбуянт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих бодлого халамжийн мөнгөөр хязгаарлагдахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-07-01 13:50:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих бодлого халамжийн мөнгөөр хязгаарлагдахгүй гэдгийг “Тэгш Нийгэм Холбоо” ТББ-ын тэргүүн Л.Энхбуянт “Оролцоо шинийг санаачлагч болох нь: Хамт олонд түшиглэн сэргээн засах/хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагын сайн жишээ” олон улсын семинарын үеэр онцлов.


Тус семинарыг “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс”-ыг угтан Италийн АИФО олон улсын байгууллага, Тэгш Нийгэм Холбоо ТББ, Монголын бие даан амьдрах төвүүдийн үндэсний холбоо хамтран өнөөдөр зохион байгуулсан юм.


Batbayar Nadmid-н зураг.

Италийн АИФО байгууллагын Төслийн хэлтсийн дарга Франческа Ортали Монголын төр засаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хэрхэн дэмждэг талаар ярихдаа, “Монгол Улс 2009 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих НҮБ-ын конвенцод нэгдэж, 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийг баталсан. Ингэснээр Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан эрх зүйн орчин сайжирч байгаа. Гэхдээ хараахан манай орны түвшинд хүрээгүй байна. Итали улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ үзүүлдэг гол хоёр дэмжлэг бий. Тухайлбал, 1980 оноос өмнө сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг нийгмээс тусгаарладаг байсныг болиулж, нийгмийн аливаа ажилд хамруулдаг болсон. Хоёрдугаарт, 1980-аад оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэгш хамруулан сургах бодлого хэрэгжүүлж, тусгай сургуулийг үгүй болгосон. Монгол Улс хууль, эрхзүйн орчноо сайжруулсан ч түүнийгээ хэрэгжүүлэх шаардлагатай байна. Мөн хөдөө, орон нутгийн эмэгтэйчүүдэд хүргэх нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ дутагдалтай байгааг ажиглалаа. Үүнийг нэн тэргүүнд сайжруулах шаардлагатай” гэлээ.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжихтэй холбоотой хуулийн заалтуудыг хэрэгжүүлэхгүй байгааг “Тэгш Нийгэм Холбоо” ТББ-ын тэргүүн Л.Энхбуянт мэдээллээ.  Тэрбээр: “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих бодлого халамжийн мөнгөөр хязгаарлагдахгүй. Үүнд хууль эрхзүйн орчноос эхлээд олон зүйл багтана. Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих бодлогоороо Азид дээгүүр байрт бичигддэг. Учир нь манай улс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийг баталж, НҮБ-ын конвенцод нэгдсэн. Улмаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар байгуулж, ХНХЯ-нд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэс ажиллаж байна. Энэ бол төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, халамжийн бодит жишээ юм. Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр заалт буюу 25 албан хаагч тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулахыг албан байгууллагууд хэрэгжүүлэхгүй байна” гэв.

Б. Одгэрэл

Related news