Замын хөдөлгөөнийг хянах цогц систем нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-08-02 11:35:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй ажлуудыг хэлэлцэж байна.

Нийслэлийн Зам, тээвэр хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлэхдээ, “Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг бүсчилж буйг иргэд, жолооч, зорчигч нарт ойлгуулж, автозогсоолын болон төлбөрийн системийг цогцоор шийднэ” гэж байв. Харин Нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр хэлэхдээ, “Тогтоосон бүсэд нэвтэрч буй автомашинуудыг хянах цогц систем нэвтрүүлнэ. Үүгээр тухайн автотээврийн хэрэгсэл улсын үзлэгт орсон эсэхээс эхлээд татвар, торгууль төлсөн зэргийг бүгдийг хянах боломжтой болох юм. Эхний ээлжинд тухайн бүсүүдэд байгаа автозогсоолын судалгааг хийж байна” гэв.

Тэрээр тээврийн хэрэгсэл бүрийг хяналтын системд хамруулах талаар хэлэхдээ, “Энэ ажлыг автотехникийн улсын үзлэг буюу тээврийн хэрэгслийн оношлогооноос эхэлж байгаа. Өнөөдрийн хувьд техникийн үзлэг оношлогооны газруудын тоног төхөөрөмж сайн байгаа. Мөн автозасварын газрууд гадаадаас сэлбэг хэрэгсэл оруулж ирэн машин угсарч буй хууль бус ажиллагааг таслан зогсоож, хяналтыг чангатгана. Манай улсад атомашины насжилтыг хянах, түүнд хязгаар тогтоох хууль эрхзүйн орчин үгүйлэгдэж байна. Энэ бүхнээс хяналтын ажлыг эхэлж, автомашин, автотээврийн хэрэгсэл, замын хөдөлгөөний ачааллыг цогцоор хянах системийг нэвтрүүлнэ” гэж байв.


Өнөөдрийн НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн ЖДҮХС-гийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх, нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох, үнэлгээний хороонд иргэдийн төлөөллийг оруулж томилох, нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах асуудлыг хэлэлцэнэ.

 

Б.Болд

Related news