Нийслэлийн 152 хороонд Соёлын элч ажиллуулахыг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн 152 хороонд Соёлын элч ажиллуулах журам болон Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл хүртээмжийг сайжруулах асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ.
Хороодод Соёлын элч ажиллуулснаар хүүхэд хөгжил, хамгааллын асуудлыг шинэ түвшинд гаргах, залуучуудын хүмүүжил төлөвшилд эергээр нөлөөлөх, олон нийтийн эерэг хандлага, бүтээлч байдлыг нэмэх, хотын соёлыг түгээх зэрэг нийгэмд чухал ач холбогдолтой юм. Соёлын элчээр боловсрол, соёл урлаг, спорт, нийгэм хүмүүнлэг, эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ажлын туршлагатай, тухайн хороондоо нэр хүндтэй, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн иргэнийг сонгох юм байна. Соёлын элч нь тухайн хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах сайн дурын ажилтан байх аж. Зөвлөлийн хуралдаанаар Соёлын элч ажиллуулах журмын төслийг дэмжсэн юм.
Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл хүртээмжийг сайжруулах ажлын гүйцэтгэл 90.5 хувьтай хэрэгжиж байна. Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа “Нийтийн тээврийн үйлчилгээнд иргэд U money цахим картаас гадна дурын банкны төлбөрийн карт болон үүрэн телефоны гар утас ашиглан төлбөрөө төлөх, зорчих боломжийг бүрдүүлсэн. Нийтийн тээврийн үйлчилгээний чанар соёл, хүртээмж, тээврийн хэрэгслийн цэвэрлэгээний асуудлаар долоодугаар сард түүвэрчилсэн 170 хүнээс санал асуулга авахад 90 хувь нь буюу 150 иргэн “сайжирсан” гэж үнэлсэн” хэмээв.
Хотын Захирагч С.Амарсайхан “Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл хүртээмжийг сайжруулах чиглэлээр өгсөн албан даалгаврын хэрэгжилт сайн байна. Гэхдээ цаашид үйлчилгээний чанар, стандарт, өнгө үзэмж, аюулгүй байдлыг илүү сайжруулахын төлөө хяналт тавьж ажиллах шаардлагатай” хэмээлээ.