Түрээсийн орон сууцанд орох иргэдийг энэ 7 хоногт сонгон шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-08-05 16:13:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг “Буянт-Ухаа 2” 972 орон сууцны хороололд түрээсээр хамруулах цахим бүртгэл хаагдсан талаар НОСК-иас өнөөдөр мэдээллээ.

“Цахим бүртгэлийг өнгөрсөн 14 хоногт явуулж өчигдөр бүрэн хаасан. Хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй хэмээн НОСК-ийн захирал Б.Сүхбаатар мэдээлэв. Тэрбээр, “Манай байгууллага зөвхөн бүртгэлийг хийсэн. Харин сонгон шалгаруулах ажлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комисс зохион байгуулна” гэв.

Есөн хүний бүрэлдэхүүнтэй тухайн комисс маргаашнаас хуралдаж, иргэдийг энэ долоо хоногт багтаан сонгон шалгаруулах аж.

Цахим бүртгэлд нийт 35 мянга 58 иргэн материал ирүүлжээ. Үүнээс:

  • Залуу гэр бүлийн ангилалд 4443 иргэн,
  • Төрийн албан хаагчийн ангилалд 6542 иргэн,
  • Хувийн байгууллагад ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч гэсэн ангилалд 9549 хүн,
  • 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн ангилалд 960 иргэн,
  • Өрх толгойлсон эцэг/эх гэсэн ангилалд 3148 хүн,
  • Ахмад насны ангилалд 7166 хүн,
  • Хөгжлийн брэхшээлтэй иргэн болон халамжилагч гэр бүл гэсэн ангилалд 3134 иргэн,
  • Гамшигт аюул үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдийн ангилалд 116 иргэн бүртгүүлсэн байна.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Related news