Ус зайлуулах хоолой хаасан компанийн үйл ажиллагааг зогсоохыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-08-07 15:31:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд үерт автаад буй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Наадамчдын зам дагуух төв замын нөхцөл байдалтай танилцлаа.



Наадамчдын гудамжны авто замын ус зайлуулах хоолойг хааж барилга барьснаар уулын ус төв зам руу буужээ. Тодруулбал, тус хэсэгт “Талст ширээт” ХХК-д  аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг БОАЖ-ын сайдын тушаалаар 2017 онд олгожээ. “Талст ширээт” компанийн  архетиктур төлөвлөлтийн даалгавар, нарийвчилсан ажлын зураг нь баталгаажсан боловч барилгыг эхлүүлэх зөвшөөрлөө аваагүй байхдаа барилга барьж эхэлсэн байна.


Үерийн усны даланг хааж барилга барьсан байна гэдгийг "Талст ширээт” компанид сануулсан ч зөрчлөө арилгаагүй гэдгийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр хэллээ.


Харин "Талст ширээт ХХК”-ний захирал н.Даваадорж, “Авто зам хөгжлийн газарт үерийн далан гаргах асуудлаар ярилцаж байсан. Үерийн далан гаргах зураг төсөл бэлэн болж байгаа. Энэ зам дагуух моднуудыг өөр газарт шилжүүлж өгөөч гэсэн хүсэлтийг холбогдох албаныханд тавьсан. Мод шилжүүлж өгөөгүйн улмаас бид үерийн далангаа гаргаж чадахгүй байгаа” хэмээн тайлбарлав.



Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, "Улсын төсвийн хөрөнгөөр тавьсан зам, дэд бүтцийг эвдэлж сүйтгэсэн, явган хүний замыг шавар шавхайнд хутгаж, олон иргэдийг хохироосон хохиролыг танай компани бүрэн төлж барагдуул. Мэргэжлийн хяналт, Авто замын хөгжлийн газар, Геодизи зураг зүйн хяналтын газар уялдаа холбоогоо нэгтгэж хяналтаа сайжруул. Энэ компанийн үйл ажиллагааг зогсоо" хэмээв.


Түүнчлэн Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд баригдаж байгаа зөвшөөрөлгүй барилгуудын үйл ажиллагааг зогсоож холбогдох байгууллагуудыг хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Related news