Махны үнэ кг нь 300-350 төгрөгөөр хямдарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хүнсний захуудад үхрийн ястай болон цул
махны үнэ кг нь 11.000-13.000 төгрөг, хонины мах кг нь 8500 төгрөгийн үнэтэй
байна.
Ямааны махыг кг-ыг 7000-7500
төгрөгөөр худалдаж байна. Үхэр, хонины махны үнийг өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад
кг нь 300-350 төгрөгөөр хямдарчээ. “Хүчит шонхор” болон “Бөмбөгөр” худалдааны
төвд махны үнэ:
- Хонины мах бүтнээр буюу
гулуузаар кг нь 8500 төгрөг,
- Үхрийн мах жижиглэн худалдаагаар
кг нь 9000-9500 төгрөг,
- Үхрийн шулсан мах кг нь 10.000-15.000
төгрөгийн үнэтэй байна.
Махны худалдаачид, “Энэ
жил махны үнэ харьцангуй тогтвортой байна. Ялангуяа баяр наадмаар тогтвортой
байлаа. Нөөцийн махыг худалдаанд нэг л удаа гаргасан. Хэрэв нөөцийн махыг
өргөнөөр худалдаалсан бол махны үнэ өдийд 350 төгрөгөөр биш өнгөрсөн жилийнх шиг 900-1000 төгрөгөөр
буух байлаа. Мөн үргэлжилсэн бороо татарч нийлүүлэлт хэвийн болж жигдэрвэл үнэ
буурах боломжтой. Иргэд махыг ихэвчлэн кг-аар буюу жижиглэнгээр авдаг болоод байна” гэж
байна.
Хүнсний ногооны үнэ олон
хоног үргэлжлэн орсон борооны улмаас нийлүүлэлт саатаж өнгөрсөн 7 хоногтой
харьцуулахад зарим ногооны үнэ кг нь 300 төгрөгөөр нэмэгдээд байна. Тухайлбал,
кг нь 1300 төгрөг байсан Монгол байцааны үнэ кг нь 1500 төгрөг, кг нь 1200
төгрөг байсан шинэ ургацын луувангийн үнэ мөн 1300-1500 төгрөг болж нэмэгджээ. Өнгөрсөн
7 хоногтой харьцуулахад чинжүү, цэцэгт байцаа, улаан лооль, өргөст хэмх зэрэг нарийн
ногооны үнэ тогтвортой байна.