Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2.7 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-08-15 15:22:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэд 22.4 мянга байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 106 хүнээр, өмнөх сараас 631 хүнээр буюу 2.7 хувиар буурсан талаар өнөөдөр ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 7 сарын статистикийг танилцуулах үеэр мэдээллээ.

 

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад энэ оны эхний 7 сард ажилгүй 45.8 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 11.6 мянган иргэн ажилд зуучилсан бол 36.8 мянган иргэнийг ажил идэвхтэй хайхгүй байгаа гэсэн шалтгаанаар хассан байна. Улсын хэмжээнд өнгөрсөн 7 сарын байдлаар нийт 6272 хүн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн бөгөөд үүнээс 57 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байна.

 

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 49.3 хувийг бүрэн дунд, 27.9 хувийг дипломын болон бакалаврын дээд, 7.2 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.3 хувийг суурь, 4.5 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.6 хувийг бага, 1.3 хувийг боловсролгүй, 0.9 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд тус тус эзэлж байна.

 

Өрхийн орлого, зарлага тэнцжээ

 

ҮСХ-ноос мэдээлж буйгаар нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого болон зарлага тус бүр 9.6 хувиар өсжээ. Өрхийн нийгэм, эдийн засгийн энэ оны II улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж орлого 1.2 сая төгрөг болсон байна. Үүнийг өмнөх онтой харьцуулахад 194.4 мянган төгрөгөөр өсжээ.


Үүнд цалин хөлсний орлого 121.2 мянган төгрөг, ХАА-н үйлдвэрлэлийн орлого 36.9 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Тэгвэл нэг өрхийн сарын дундаж зарлага 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 203.5 мянган төгрөгөөр өссөн талаар ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Н.Өлзийханд мэдээлэв.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Related news