БНСУ-ын виз мэдүүлэхдээ 5 сая төгрөг байршуулах тогтолцоог хүчингүй болголоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас БНСУ-ын холбогдох байгууллагатай хийсэн яриа хэлэлцээрийн үр дүнд тус улсын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо. Шинэ журмыг ирэх сарын 16-аас эхлэн мөрдөхөөр болсон талаар өнөөдөр ГХЯ, ГИХГ, БНСУ-ын ЭСЯ-аас хамтарсан мэдээлэл хийв.
Шинэ журмаар БНСУ-д зорчих визийн материал шалгах системийг сайжруулах хүрээнд виз мэдүүлэхдээ таван сая төгрөг байршуулах тогтолцоог хүчингүй болгосон байна. Үүний оронд иргэд сүүлийн зургаан сарын дансны хуулгаа үндэслэн санхүүгийн байдлаа нотлох боломжтой болжээ.
Мөн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол иргэдийн сүүлийн зургаан сарын хугацаанд гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг үндэслэн тухайн иргэний гэр бүлд 90 хоногийн виз олгох аж. Ингэхдээ тухайн ажилтны хөдөлмөрийн гэрээний хугацаа, шилжүүлсэн мөнгөн дүнг харгалзан үзэх юм.
Харин хууль ёсны дагуу хилээр олон удаа орж гарсан тэмдэглэлтэй, визийн хугацааг хэтрүүлэх магадлал багатай, төрийн албан ажлаар явж буй ажилтны визийн мэдүүлгийг 10 хоногийн дотор шалгаж, хариу өгөхөөр болжээ. Манай улсад БНСУ-ын олон удаагийн виз мэдүүлэх эрхтэй 150-200 мянган иргэн байгаагаас эхний ээлжинд бага дунд сургууль, мэргэжлийн коллежийн солонгос хэлний багш нар, тэдний гэр бүлд олон удаагийн виз олгох бодлогыг хэрэгжүүлэхээр болсон байна.
Түүнчлэн БНСУ-ын ЭСЯ-д хуримтлагдсан 30 мянган визийн мэдүүлгийг шуурхай шалгаж хариу өгөх үүднээс материал шалгах тусгай үүрэг бүхий консулын орон тоог хоёроор нэмж, дөрөв болгожээ. Мөн ГХЯ, Үндэсний Дата төвтэй хамтарсан Хур мэдээллийн системийг ашиглан виз мэдүүлэх боломжтой бөгөөд ингэснээр визийн мэдүүлгийн хариуг 2-3 долоо хоногийн дотор гаргах боломж бүрдэж байгааг онцоллоо.
Визийн мэдүүлгийн журамд эерэг өөрчлөлт орсонтой зэрэгцэн хууль бус үйлдэлд авах арга хэмжээг мөн чангатгасан байна. Тухайлбал виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллага Хур мэдээллийн системийг буруугаар ашигласан тохиолдолд үйл ажиллагааг нь хязгаарлах аж. Түүнчлэн татгалзсан хариу авсан виз мэдүүлэгч гурван сарын дараа дахин мэдүүлэх эрхтэй байсныг зургаан сар болгон сунгажээ. Мөн хуурамч бичиг баримт мэдүүлэх, визийн брокертой холбогдох зэрэг хууль бус үйлдэлд авах захиргааны хариуцлагыг чангатгаж энэ төрлийн хэрэгт олон удаа холбогдсон этгээдийг виз шалгалтын системд бүртгэх аж.
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: “Монгол Улсын Засгийн газар иргэдийн хилийн чанадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, хилийн чанад дахь монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвхтэй яриа хэлэлцээр хийсээр ирсэн. Үүний нэг жишээ нь БНСУ-тай сүүлийн жилүүдэд хийж буй яриа хэлэлцээр юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өнгөрсөн оны нэгдүгээр сард БНСУ-д хийсэн айлчлал, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёны энэ оны гуравдугаар сард манайд хийсэн айлчлалуудын яриа хэлэлцээрийн гол сэдвийн нэг нь иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх байсан. Үүний мөрөөр хоёр улсын Гадаад харилцааны яам консулын зөвлөлдөх уулзалт хийсэн. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногт ГИХГ-ын дарга Д.Мөрөнгийн урилгаар БНСУ-ын ХЗЯ-ны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга Ча Гю Гын тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ГХ-ны сайд Д.Цогтбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарт бараалхаж, яриа хэлэлцээр хийсний үр дүнд визийн журамд эерэг өөрлөлтүүд гарлаа. Манай улсын 46 мянган иргэн БНСУ-д ажиллаж амьдарч байна. Харин өнгөрсөн онд БНСУ-д зорчсон монгол иргэдийн тоо 100 орчим мянгад хүрсэн. Цаашид энэ тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
ГИХГ-ын дарга Д.Мөрөн: “ХЗДХЯ-ны харьяа ГИХГ БНСУ-ын ХЗЯ-ны харьяа Шилжилт хөдөлгөөний байгууллагатай 2007 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэхүү гэрээнд иргэдийн харилцан зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэх заалт бий. Манай 6700 орчим иргэн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Эдгээр иргэдийн гэр бүл буюу 11 мянган иргэнд БНСУ-д зорчих виз олгоод байна. Виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх, цаашид визгүй зорчих асуудал иргэдийн ухамсар, сахилга хариуцлагаас ихээхэн шалтгаална. БНСУ-д зорчихдоо визийн хугацааг хэтрүүлсэн, анхаарал болгоомжгүйгээс болоод асуудалд орсон 2500 орчим төрийн албан хаагчийн асуудлыг эргэн харж, нааштайгаар шийдвэрлэх талаар БНСУ-ын ХЗЯ-ны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга Ча Гю Гынтай ярилцаад байна” гэв.
БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, виз хариуцсан консул Кил Кан Муг: “Өнгөрсөн долоо хоногт болсон Монгол Солонгосын цагаачлалын байгууллагын дээд хэмжээний уулзалтаар иргэдийн виз болон оршин суух асуудалтай холбоотой хэлэлцүүлгийг эрчимтэй өрнүүлсэн. Энэ хүрээнд хөндсөн асуудлыг өнгөрсөн хугацаанд Монгол Улсын ГХЯ-тай хэлэлцсээр ирсэн учир виз мэдүүлэх журамд өөрчлөлт орж байна. Энэ удаа шуурхай шалгах, хүмүүнлэгийн шалтгааныг харгалзан үзэх гэсэн хоёр томоохон хүрээнд өөрчлөлт орсон. Виз мэдүүлэхдээ таван сая төгрөг байршуулах нь иргэдэд нэлээд төвөгтэй байснаас гадна төдийлөн ач холбогдолтой байгаагүй учир энэ тогтолцоог хүчингүй болгосон. Виз олгох эсэхийг БНСУ-ын хууль журмын дагуу, олон шат дараалалтай шалгадаг учир ЭСЯ-д таньдаг хүнтэй байлаа гээд визийн хариу эерэг гарна гэж ойлгож болохгүй. Сүүлийн үед визтэй холбоотой залилангийн хэрэг их гарч байна. Тиймээс залилангаас болгоомжилж сонор сэрэмжтэй байхыг иргэдээс хүсэж байна. БНСУ-ын Засгийн газар, ЭСЯ хоёр орны иргэдийн харилцан зорчих асуудалд ихээхэн анхаарал тавьж, хичээнгүйлэн ажиллаж байна. Энэ хүрээнд олон уулзалт хэлэлцээр зохион байгуулж хамтран ажилласан Монгол Улсын холбогдох байгууллагад талархал илэрхийлье” хэмээв.