“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 60 жилийн ой болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төвлөрсөн дулаан хангамж үүсэж
хөгжсөний болон “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК үүсэн байгуулагдсаны 60
жилийн ойн баяр өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо.
Баярын нээлтэд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга
Л.Тлейхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
С.Амарсайхан, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ний гүйцэтгэх захирал
Г.Баярсайхан болон бусад холбогдох албаныхан оролцов.
Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, нийслэл хотын төвийн зургаан дүүрэгт тархан байрлах 10500 гаруй барилга обьектыг төвлөрсөн дулаанаар найдвартай хангаж, иргэд оршин суугчдыг тав тухтай ажиллаж, амьдрах үйлсэд 60 жилийн турш зүтгэсэн их хотын мөнхийн галыг манагч Дулааны сүлжээний байгууллагын хамт олонд ойн баярын мэнд дэвшүүлэв. Тэрээр хотыг хөгжүүлэх 1995, 2000, 2010 оны ерөнхий төлөвлөгөөнд тусгасан инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг бий болгож газар доорх инженерийн байгууламжийн ашиглалт, үйлчилгээ, засварыг найдвартай хариуцаж, хотын амин судас болсон дулаан хангамжийн салбарыг нэр хүндтэй авч явааг онцлов.
“Та
бүхэн нийслэлд тулгамдаад буй агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг
барилгажуулах үйлсэд идэвх санаачилгатай ажиллаж бодитой хувь нэмэр оруулж
байгааг дурдах нь зүйтэй. Тухайлбал, Баянхошуу дэд төв, Яармаг, VII хороолол, “Их засаг” их сургууль, Маахуур толгой зэрэг хотын
агаарын бохирдол ихтэй бүсэд 200 гаруй халаалтын зуухыг зогсоож төвлөрсөн
дулаанд холбоод байгаа” хэмээн хотын дарга тэмдэглэсэн юм.
Анх есөн ажилтан 10 км урт шугам, 80 орчим хэрэглэгчтэйгээр ажлын гараагаа эхлүүлж байсан, “Улаанбаатар дулааны сүлжээ” компани өнөөдөр Улаанбаатар хотод 2760 аж ахуйн гэрээтэй хэрэглэгч, ОСНААУГ-ны харьяа гурван түгээх төвийн хэрэглэгчдэд үйлчлэх 16 төв, дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч 60 гаруй компанийн 10 мянга гаруй барилга обьектыг жилийн дөрвөн улирлын турш дулаан эрчим хүчээр хангахаас гадна Монгол Улсынхаа 21 аймгийн төвийн дулаан хангамжийн горимын тооцоо тохируулга зүгшрүүлгийг хариуцан ажиллаж байна.
Ойн баярын ёслолын үеэр хотын Захирагч С.Амарсайхан
идэвх санаачилгатай ажилласан зарим ажилтан албан
хаагчдыг нийслэлийн хүндэт цол тэмдгээр шагнаж, баярын бичиг
гардууллаа.