МОНЦАМЭ Пренса Латина агентлагуудын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байгааг онцоллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг Монгол Улсад ажлын айлчлал хийж буй БНКуУ-ын мэдээллийн Пренса Латина агентлагийн дарга Луис Энрик Гонзалес Акоста, БНКуУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Раул Делгадо Консепсион нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд 2020 онд тохиох Монгол Улс, БНКуУ хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар, мэдээ мэдээлэл дамжуулах үйл ажиллагааг төгөлдөржүүлэх, сэтгүүлч ажилчдаа харилцан айлчлуулах зэрэг өргөн хүрээнд санал солилцсон юм.
МОНЦАМЭ болон Пренса Латина агентлагууд 2018 онд хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгуулснаар хоёр агентлагийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, мэдээ мэдээлэл харилцан солилцох ажил идэвхтэй өрнөж байгааг талууд онцоллоо.
60 жилийн түүхтэй Пренса Латина агентлаг нь Латин Америкийн хамгийн том мэдээллийн агентлаг юм. Тус агентлаг англи, испани, португал, орос, франц, итали зэрэг зургаан хэлээр мэдээ мэдээлэл дамжуулдаг бөгөөд дэлхийн 40 улсад төлөөлөгчийн газартай. Харин Монгол Улсын талаар мэдээ мэдээллийг анхны эх сурвалж МОНЦАМЭ агентлагаар дамжуулан авч байх нь чухал болохыг Пренса Латина агентлагийн дарга Луис Энрик Гонзалес Акоста онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр: “МОНЦАМЭ агентлагийн мэдээ мэдээлэл манай сувгийг ашиглан Өмнөд Америк тивийн бүх улсад хүрэх боломжтой. Нөгөөтэйгүүр Куба улс болон Латин Америкийн мэдээ мэдээллийг Монгол Улсад хүргэх гүүр нь МОНЦАМЭ агентлаг юм. Монгол Улс, БНКуУ хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд манай хоёр агентлагийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ хүрээнд бид хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ зохион байгуулж болох юм” гэв.
МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг: “Мэдээллийн салбар дахь хамтын ажиллагаа ард түмэн хоорондын харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэр тусмаа хариуцлагатай мэдээллийн агентлагуудын нөхөрлөл мэдээллийн энэ эрин зуунд чухал ач холбогдолтой. Манай хоёр агентлаг 2018 онд хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн байгуулсан нь бидний хамтын ажиллагааг дахин ойртуулж, Монгол, Куба улсын харилцааны нэгэн гүүр болсон гэж харж байна. Бид Пренса Латина агентлагаар дамжуулан Латин Америкийн мэдээ мэдээллийг түргэн шуурхай авах сонирхолтой. Нөгөө талаараа Монгол Улс Азийн нэгэн сонирхолтой орны нэг бөгөөд манай улсыг зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Хоёр талын эрэлт байгаа тул манай агентлагууд харилцаагаа улам өргөжүүлж, шинэ агуулгаар баяжуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд хоёр талын цаашдын аливаа үйл ажиллагааг дэмжихээ онцолсон юм.