Сэлбэ дэд төвд усан сан ашиглалтад оров
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлбэ дэд төвд 1000 шоо дөрвөлжин хүчин чадал бүхий Усан сан, насос станцын барилгыг хүлээлгэн өгөх ёслол өчигдөр боллоо.
Сэлбэ дэд төвд усан сан, насос станцын барилга угсралт болон ус хангамжийн шугам хоолой нийлүүлж, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэснээр Сэлбэ болон Дамбадаржаа төвийн иргэд оршин суугчид ундны усны эх үүсвэрээр хангагдаж байгаа юм.
Барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Санжат” ХХК ажиллаж төлөвлөгөөний дагуу товлосон хугацаандаа
ашиглалтад хүлээлгэн өглөө. Туршилт, тохируулга, угаалга шахалт, тест хийх ажил
бэлэн болжээ.
Усан сангийн ойр орчмын айлууд нэг км гаруй газраас ундны
усаа зөөдөг байна. Иргэд ундны усны худагтай болох хүсэлтийг ихээр тавьж
байгааг төсөл хэрэгжүүлэгч нар хотын
захирагчид дуулгаж байв. Хотын захирагч усан сангаа түшиглээд 2-3
худаг байгуулах ажлыг хийнэ хэмээв.
Нийслэлийн Засаг
дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “Улаанбаатар
хотын хамгийн чухал амин сүнс болсон цэвэр усны хангамжийн асуудлыг шийдэж,
Сэлбэ, Дамбадаржаа дэд төвийн Цэвэр усны усан санг ашиглалтад оруулж байна. Энэ
усан сан ашиглалтад оруулснаар ойр орчмын айл өрхүүд цаашлаад
ирэх жилээс хэрэгжүүлж эхлэх орлогод нийцсэн орон сууцны үндсэн дэд
бүтцүүдийн нэг. Энэ төслүүд хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар
хотын барилгажих ажил эрчимтэй үргэлжлэх боломж нь бүрдэж байна” гэв.
Нээлтийн ёслолд нийслэлийн Засаг даргын орлогч
Ж.Батбаясгалан, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг
дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд болон албаны хүмүүс
оролцов.