Сайжруулсан түлшийг хүртээмжтэй хүргэхийг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-10-25 16:29:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, сайжруулсан түлштэй холбоотой нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгийн мэдээллийг сонсов.

Түүний мэдээлснээр, нийслэлийн төвийн 6 дүүргийн онцгой комисс 24 цагийн шуурхай штаб байгуулан түүхий нүүрсний тээвэрлэлт, хэрэглээг хянан ажиллаж байна. Өнгөрсөн 7 хоногт 182 тонн түүхий нүүрс хураан авч мэргэжлийн хяналтын байгууллагад хүлээлгэн өгчээ.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам мөн мэдээлээл хийлээ. Түүний хэлснээр, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандарт, норм дүрмийг хэрхэн хэрэгжүүлж буй талаар 2 төрлийн судалгаа хийжээ. Судалгаа болон үүрэг даалгаврын биелэлтийг үндэслэн дүгнэхэд стандарт, норм дүрмийн хэрэгжилт хангалтгүй байна.

Энэ нь төрийн байгууллагуудын уялдаа холбоо байхгүй, хяналт хариуцлагын тогтолцоо сул, төрийн албан хаагчдын стандартын талаарх мэдлэг ойлголт хангалтгүй, байгууллагын чиг үүрэгт нь стандартыг мөрдүүлэх талаар заасан байдаг боловч уг ажлыг зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллагын ажил гэж боддог учир дутагдалтай байгааг хэллээ. Тиймээс төрийн байгууллагын албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх шаардлагатай байна гэв.


Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хол амьдарч буй бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сайжруулсан түлшийг тээвэрлэн хүргэх, амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдэд сайжруулсан түлшийг олгох ажлыг яаралтай, хүртээмжтэй зохион байгуулахыг үүрэг болгов.

Мөн нийслэлийн 6 дүүргийн айл өрхүүдэд пийшин, зуух, яндангийн аюулгүй байдал, сайжруулсан түлшний зөв хэрэглээтэй холбоотой шаардлагатай зөвлөмж, мэдээ мэдээллийг энэ сарын 28-наас 11-р сарын 3 хүртэл айл өрх бүрт биечлэн хүргэх ажлыг зохион байгуулахыг мэдэгдлээ. Мөн сайжруулсан түлшний хэрэглээтэй холбоотой иргэдээс өгсөн дуудлагын дагуу түргэн шуурхай ажиллах боломжийг хангах зорилгоор “Таван толгой түлш” ХХК-ийн дуудлага хүлээн авах 7011-9400 дугаарын утсыг Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 102 дуудлагын утсанд холбох ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад өглөө.

Related news