Мэдээллийн эрхийн талаарх зөвлөмж хүргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. “Глоб
интернэшнл” төвөөс явуулсан “Сэтгүүлчийн аюулгүй байдлын түвшин тодорхойлох
судалгаа”-гаар сэтгүүлчдийн 58 хувийнх нь мэргэжлийн багаж хэрэгсэл халдлагад өртөж
байсан тухай дүн мэдээ гарчээ.
Цаашлаад судалгаанд хамрагдсан сэтгүүлчдийн 74 хувь нь
мэдээлэл олж авахад саад бэрхшээлтэй тулгарч байсан, 67 хувь нь сүрдүүлэг,
дарамт, заналхийлэлд өртөж байсан гэжээ. Мөн 51 хувь нь нууц эх сурвалжаа илчлэх
албадлагад өртсөн, 36 хувь нь шүүх хүчний байгууллагын дарамтад орсон, 20 хувь
нь хувийн цахим хаяг, түүнтэй холбоотой мэдээллээ алдсан, 18 хувь нь бие, эрүүл
мэндэд халдсан зэрэг зөрчилтэй тулгарч байсан гэжээ.
Сэтгүүлчдийн аюулгүй
байдалд халдсан дээрх үзүүлэлт манай улсын хувьд өндөр байгааг “Глоб
интернэшнл”
төвийн тэргүүн Х.Наранжаргал "Нээлттэй нийгэм хүрээлэн"-д өнөөдөр болсон хэвлэлийн
бага хурал дээр мэдэгдэв. Өдөр тутмын мэдээ мэдээлэл, эрэн сурвалжлах,
нийгэм эдийн засгийн чиглэлээр бичдэг 300 сэтгүүлчийг хамруулсан дээрх
судалгааг Европын холбооны санхүүжилтээр хийжээ.
Судалгаагаар анх удаагаа эмэгтэй сэтгүүлчдийн өмнө тулгарч буй зүйлийн суурь мэдээллийг бий болгохыг эрмэлзсэн. Дараагаар нь сэтгүүлчдийн цахим аюулгүй байдлын орчны мэдээллийг цуглуулахыг хичээсэн. Цаашдаа сэтгүүлчдийн хувьд дэлхий нийтэд нэлээд тулгамдсан зүйлээр гүнзгийрүүлэн судална гэдгээ мэдэгдлээ.
Сэтгүүлчдийн
аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдлийг ял шийтгэлгүй үлдээж буйг
таслан зогсоох олон улсын өдрөөр хийсэн хэвлэлийн бага хуралд НҮБ-ын Суурин
зохицуулагч Тапан Мишра, ЮНЕСКО-гийн
Монголын Үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Европын
Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа нар оролцлоо.
Хэвлэлийн бага хурлын
үеэр “Глоб
Интернэшл” төвөөс
үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн хүртээмж, хэвлэлийн эрх чөлөө,
сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр олон улсын байгууллагуудаас
гаргасан зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт хүргүүллээ. Энд:
- НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илгээсэн Хүний эрхийн төлөв
байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг дэх Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний
тайлангийн зөвлөмж,
- Мэдээлэлтэй байх эрхийг хязгаарлаж буй хууль тогтоомжийн
дүн шинжилгээний тайлангийн зөвлөмж,
- Европын холбоо болон Монгол Улсын Засгийн газар хооронд
байгуулсан худалдааны хэлэлцээр болох GSP+ механизмын үр дүнтэй хэрэгжилтийг
хангах замаар хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах зөвлөмжүүд багтжээ.
Б.Болд