Нутгийн хойд хэсгээр цас орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө маргаашдаа баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд
хэсгээр цас орж, явган шуурга шуурна гэж
Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.
Энэ сарын 23-27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
танилцуулж байна. Энэ сарын 23-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд Хэнтэйн
уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга
шуурна. Салхи 23-нд зарим газраар, 24-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14
метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс,
Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус,
Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Эг-Үүр,
Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр
шөнөдөө 28-33 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр
шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус,
өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.