Яргуй-2016 хүүхдийн урлагийн наадам эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-22 15:53:26

Сүхбаатар аймгийн хүүхэд багачуудыг нэгэн дор цуглуулж, авъяас чадвараар нь өрсөлдүүлдэг Яргуй-2016 наадам өнөөдөр эхэллээ. Наадамд 13 сумын долоон бүрэн дунд сургууль, есөн ерөнхий боловсролын сургуулийн 400 гаруй хүүхэд оролцож байна. Тэд урлагийн 7 төрлөөр өрсөлдөх юм.

Энэ жилийн наадмын хувьд оролцогч багуудыг ЕБС, БДС гэж 2 ангилалд өрсөлдүүж байгаагаараа онцлогтой. Энэ нь хөдөө сумдыг хүүхдүүдийн авъяасыг нээн хөгжүүлэх, дэмжих зорилготой. Бас нэг онцлог нь энэ жилийн наадмыг Монголын хүүхдийн ордоны бүжгийн багш, гавъяат багш В. Жаргалсайхан, дууны багш МУСТА Ж. Сайнбилэг нар шүүн явуулах юм байна.

Яргуй-2016 наадмыг Сүхбаатар аймгийн ХГБХХ, БСГ, Жаахан шарга театрууд хамтран зохион байгуулж байгаа. Тус наадам нь 2 өдөр үргэлжлэх бөгөөд шагналт байранд шалгарсан үзүүлбэрүүдийн нэгдсэн Гала тоглолтыг зохион байгуулна.

Сүхбаатар аймгийн ХГБХХ нь жилд 2-3 томоохон уралдаан тэмцээнүүдийг, 5-6 нэгдсэн арга хэмжээнүүдийг зохион явуулдаг. Түүний нэг бол энэхүү Яргуй наадам юм. Яргуй наадам нь 1990-ээд оноос эхлэлтэй, 20 гаруй жилийн түүхтэй наадам юм.

Хүүхдийн урлагийн яргуй наадам нь 2 жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг уламжлалтай.

Т. Одончимэг

 

Related news