Усны үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд ахална
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-аас Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлаад байна. Уг хуульд 2012 онд татан буулгасан Усны агентлагийг сэргээн байгуулахаар тусгасан юм.
Тус агентлагийг 38 хүний орон тоотой байгуулах талаар БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар мэдэгдэж байна. Агентлагийг байгуулснаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны нөөцийг судалж тогтоох, нэмэгдүүлэх, зөв зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх бодлогыг хэрэгжүүлэх боломжтой болох юм.
Мөн усны төлбөр, ашиглалт зэрэг устай холбоотой байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, ард иргэд, ААН, байгууллагыг мэдээллээр хангах нөхцөл бүрдэх аж. Мөн 2015 онд татан буулгасан Усны үндэсний хороог сэргээж, ҮАБЗ-ийн дэргэд Усны үндэсний зөвлөл байгуулахаар хуульчилжээ. Тус зөвлөлийн дарга нь Ерөнхий сайд, нарийн бичгийн дарга нь БОАЖ-ын сайд байхаар тусгаад байна. Устай холбоотой харилцаанд олон яам, агентлаг оролцдог учир Ерөнхий сайдын дэргэд байлгаж асуудлыг шийдвэрлэнэ гэж үзжээ.
Улс орны тогтвортой хөгжил, аюулгүй байдлын үндэс нь ус байдаг. Тиймээс усны сайн засаглал, зөв менежмент хийх тал руу дэлхийн улс, орнууд бодлого боловсруулж байгаа энэ үед Монгол Улс үүнээс ангид байх аргагүй тул усны зөв менежмент, сайн засаглалыг хэрэгжүүлэх шаардлага манай улсад тулгараад байна.
Улсын хэмжээнд жилд 570 орчим сая шоо метр ус ашиглаж байгаа. Энэ хэрэглээний 80 орчим хувь нь газрын доорх, 20 орчим хувь нь гадаргын ус байна.