Оюутан залуус Буянт голын орчмоос 50 тн хог ачиж цэвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-24 13:17:18

Ховд голын сав газрын захиргаа хотын иргэдийг ая тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, Буянт голын ай савыг ахуйн бохирдлоос ангижруулахад Их, дээд сургуулийн оюутан залуусын оролцоог нэмэгдүүлж байгалиа хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэх ажил санаачлав.

Энэ ажилд аймгийн  Хөдөлмөрийн хэлтэс, Ховд Их сургуулийн Байгаль шинжлэл, технологийн сургууль, Хөгжил политехник коллеж, "Эрч хүч" ОНӨҮГ-тай хамтран “Ус чандмань эрдэнэ, хүний амьдралын үнэт хэрэглээ, юугаар ч орлуулшгүй байгалийн баялаг” уриан дор Буянт голын орчмын бохирдлыг цэвэрлэв. 
Гурав дахв жилдээ өрнөж буй энэхүү цэвэрлэгээнд байгууллагууд санаачилга зохион байгуулалттай  оролцлоо.
Ховд голын  сав газрын захиргаа  цэвэрлэгээний бэлтгэл ажил болох хогтой хэсгийн судалгаа гаргаж, ажиллах хүчийг хуваарилан, тус байгууллагын дарга, мэргэжилтнүүд 9 чиглэлээр хуваагдан цэвэрлэх талбайд хяналт тавьж ажиллахаас гадна өөрсдөө цэвэрлэгээндээ гар бие оролцон идэвх санаачилгатай, шаардлага  тавин  уриалж ажиллалаа.

Энэ ажилд аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс хөдөлмөр хамгааллын хэрэгсэл болох 230 уут, 230 бээлий, 230 амны хаалт тарааж, цэвэрлэгээнд оролцсон нийт оюутанд нэг өдрийн ажлын хөлсийг  20000 төгрөгөөр тооцож олголоо. 
"Эрч хүч" ОНӨҮГ, Хотын захирагчийн албанаас хог ачих 3 машинд 60 литр дизель түлш зарцуулан цэвэрлэгээнээс гарсан 50  тн хог хаягдлыг хогийн төвлөрсөн цэгт хүргүүллээ. Цаашид  Буянт голоо цэвэр ариун байлгах үйл ажиллагааг хамрагдах цар хүрээг нь өргөтгөж, зуслангийн айл өрхүүдийг хамруулж, жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөөд байна. 
 

А.Бямбасүрэн 

Related news
Comments