Д.Түвшинжаргал: Уул уурхайгаас ангид байх зорилтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Тус аймгийн Засаг даргаар Д.Түвшинжаргалыг Монгол Улсын Ерөнхий сайдын
шийдвэрээр томилж, тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо гэж аймгийн ЗДТГ-аас
мэдээлэв.
-“Өнгөрсөн
дөрвөн жил тус аймгийн Засаг даргаар Д.Батсайхан ажиллаж байсан юм. Тэрбээр
аймгийн шинэ Засаг даргад амжилт хүсээд эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлэн хийхийг
хүсэж цаашид хамтран ажиллахаа илэрхийлэв”.
Харин
Завхан аймгийн шинэ Засаг дарга Д.Түвшинжаргал: “100 жилийн түүхтэй Завхан
аймгийг 100 жилийн босгон дээр нь хүлээн авч, өндөр хариуцлагатай албанд
томилогдож байна. Аймгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хичээн ажиллана. Дэлхий
даяар тархсан халдварт өвчнөөс хамгаалах ажил бол нэн тэргүүний чухал ажил
байна. Улаанбаатар хотоос иргэд ирэх гэж байна. Хүний амь нас, эрүүл мэнд
яригдаж байгаа учраас хариуцлагатай зохион байгуулах хэрэгтэй болж байна. Ирэх
жилүүдэд Завханы иргэдийн маань амьдрал сайжирсан байх ёстой гэсэн чин хүсэл
байна. Шийдэх олон асуудал байна. Үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих ёстой. Иргэд
ажлын байртай болох хэрэгтэй байна. Уул уурхайгаас ангид аймаг болгох зорилт
тавьсан өмнөх Засаг даргынхаа ажлыг үргэлжлүүлнэ. Бид онгон дагшин байгалиа
хамгаалах ёстой. Уул уурхайн лиценз, зөвшөөрөл хэзээ ч олгохгүй” гэв. Ташрамд
шинээр томилогдож буй Засаг дарга Д.Түвшинжаргал нь физикийн багш, эдийн засагч
мэргэжилтэй, төрийн албанд олон жил ажилласан туршлагатай нэгэн юм.
1970 онд Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн. Эхнэр хоёр хүүхэдтэй.
БОЛОВСРОЛ:
1. 1978-1986 онд Их-Уул сумын 8 жилийн дунд сургууль
2. 1986-1988 онд Улиастай сумын Элдэв-Очирын нэрэмжит 1-р 10 жилийн
сургууль
3. 1989-1993 онд МУИС-ийн харьяа Ховд аймаг дахь Багшийн дээд
сургуулийг математик, физикийн багш мэргэжлээр төгссөн
4. 2012 онд “Монгол бизнес” дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр
тус тус төгссөн
АЖИЛ ЭРХЛЭЛТ:
1.1993-1994 онд Их-Уул сумын 8 жилийн дунд сургуульд математикийн
багш
2.1994-2002 онд Их-Уул сумын 8 жилийн дунд сургуульд хичээлийн
эрхлэгч, захирал
3. 2002-2007 онд Их-Уул сумын Засаг дарга
4.2007-2008 онд Завхан аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний
хэлтсийн дарга
5.2009-2011 онд Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн
дарга, улсын ахлах байцаагч
6.2011-2012 онд “Алтай-Улиастай эрчим хүчний систем” ТӨХК-ийн Завхан
аймаг дахь салбарын дарга
7.2012-2016 онд Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга
8. 2019 оны 6 сараас Завхан аймгийн МАН-ын хорооны дарга
9.2004, 2012, 2020 онд Завхан аймгийн ИТХ-ын төлөөлөгч
10.1996,
2000, 2004 онд сумын иргэдийн төлөөлөгчөөр тус тус сонгогдож байсан.
ГАВЬЯА ШАГНАЛ:
1.Хөдөлмөрийн хүндэт медаль
2.Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
3.Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль
4.Боловсролын салбарын 80 жилийн ойн хүндэт тэмдэг
5.БСШУЯ болон Эрчим хүчний яамны жуух бичиг
6.Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг
7.Нутгийн удирдлагын тэргүүний ажилтан цол тэмдэг
8.Завхан аймгийн хүндэт тэмдгээр тус тус шагнагдсан.
СОНГУУЛЬТ АЖИЛ:
1.2001-2007 онд Их-Уул сумын МАН-ын хорооны дарга, тэргүүлэгч
2.2019 оноос Завхан аймгийн МАН-ын хорооны дарга
3.2020 онд МАН-ын бага хурлын гишүүнээр сонгогдсон.