Аймаг, сумын төв доторх хөдөлгөөнийг хязгаарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-12-07 20:53:17

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас аймаг, сумын төв доторх иргэдийн зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн 20:00-07:00 цагийн хооронд хязгаарлахаар шийдвэрлэлээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

-“Улаанбаатар хотоос тус аймагт ирэхээр 5000 орчим иргэн бүртгүүлснээс 12 дугаар сарын 1-ний өдрөөс хойш өнөөдрийн байдлаар 1800 гаруй иргэн ирээд байна. Эрсдэлтэй бүс нутгаас олон иргэд ирж буй тул аймгийн Онцгой комиссын шуурхай штабын хуралдаж хэд хэдэн шийдвэрийг гаргаад байна. Тухайлбал коронавирусний халдвар COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, сумын төв доторх иргэдийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа цуцлагдах хүртэлх хугацаанд өдөр бүрийн 20:00-07:00 цагийн хооронд хязгаарлахаар шийдвэрлэлээ.


Мөн Улаанбаатар хот болон бусад голомт бүхий бүс нутгаас ирсэн иргэд, тэдний гэр бүлийн гишүүдэд гэрийн тусгаарлалтад байх үеийн журмыг мөрдүүлж, хяналт тавих ажлыг эрчимжүүлэх. Ингэхдээ төрийн болон төрийн өмчит байгууллагын албан хаагчдыг татан оролцуулж, эргүүл жижүүрээр ажиллуулахыг холбогдох албан байгууллагын дарга, эрхлэгч, сумын Засаг дарга нарт даалгалаа. Гэрийн тусгаарлалтад байх иргэдийн шаардлагыг хангуулж, хяналт тавих ажлын хэсгийг байгууллаа. Энэхүү ажлын хэсэг хяналтыг хэрэгжүүлэх журам, ажлын төлөвлөгөө, зураглал, цагийн хуваарийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу боловсруулж, хэрэгжилтийг олон нийтэд тайлагнахыг тус тус үүрэг болголоо” гэв. Ташрамд олон нийтийн сүлжээгээр Улаанбаатараас ирсэн иргэд 14 хоногийн гэрийн тусгаарлалтын журмыг зөрчиж гадуур сэлгүүцэж байна гэсэн иргэдийн гомдол, сэрэмжлүүлэг мэдээлэл гараад буй юм. 

Related news