Худалдаа үйлчилгээний байгууллагууд энэ сарын 11-нээс хэвийн ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-12-10 19:50:44

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг худалдаа үйлчилгээний байгууллагуудыг халдвар хамгааллын дэглэмийг баримталж 12 сарын 11-ний өдрөөс эхлэн 09:00-20:00 цагийн хооронд хэвийн ажиллуулах шийдвэрийг гаргалаа гэж аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.

Онцгой комиссын шуурхай штабын 12 сарын 10-ны өдрийн хурлаар мэргэжлийн байгууллагууд цаг үеийн мэдээлэл хийж, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.

-“2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс хойш тус аймагт 55 автобусаар 1982 иргэн, 404 хувийн тээврийн хэрэгслээр 1763 иргэн гадна аймаг, хотоос иржээ. Харин агаарын тээврээр 49 иргэн ирсэн байна. Өнөөдрийн байдлаар дээрх иргэд гэрийн тусгаарлалт, ажиглалтад журмын дагуу байна. Эрсдэлтэй бүсээс ирсэн иргэд, тэдний гэр бүлийн гишүүдэд 14 хоногийн гэрийн тусгаарлалтын журмыг мөрдүүлэх зорилгоор төрийн албан хаагчдыг 12 сарын 20-ны өдөр хүртэл эргүүл, жижүүрт үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэрийг энэ хурлаас гаргаад байна. Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийлгэж ирсэн иргэдийн гэрийн тусгаарлалтыг илүү чангатгахаар боллоо. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 31 хяналтын цэгт нийт 83 албан хаагч 31 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна” гэв.

 

Худалдаа үйлчилгээний байгууллагуудыг амралтын өдөр ажиллуулахаар болов

Аймгийн Онцгой комиссын шуурхай штабын ээлжит хурлаар худалдаа үйлчилгээний байгууллагуудыг хэвийн горимд ажиллуулах шийдвэр гаргасан. Гэхдээ гадаа болон гар дээрээс хүнсний худалдаа эрхлэхийг хориглох шийдвэрийг гаргасан гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.  

-“Худалдаа, үйлчилгээний байгууллагууд нь 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримталж өглөөний 09:00-20:00 цагийн хооронд үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Ингэхдээ архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй. Дээрх шийдвэрүүдийг зөрчсөн, халдвар хамгааллын дэглэм баримтлаагүй үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч ажиллана.

Цаашид худалдаа, үйлчилгээний байгууллагуудыг ням гаригт ажиллуулж, мягмар гаригт амраах чиглэлийг өгөөд байна. Мөн олон нийтийг хамарсан хурал, цуглаан, зөвлөгөөн, сургалт, жагсаал, соёл урлаг, спорт, үзвэр үйлчилгээ, бассейн, фитнес, сауны үйлчилгээг хориглоно. 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн аймаг-сум, сум-сум хооронд зорчих хөдөлгөөнийг нээнэ. Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу зөвшөөрөгдсөн нөхцөлөөр Улаанбаатар хотоос ирэх, нийслэл рүү зорчих хөдөлгөөнд хяналт тавьж ажиллана.

Улаанбаатар хот болон Архангай, Дархан-Уул аймгаас оюутнуудыг ойрын хугацаанд татаж авахаар боллоо. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийн сангаас түлээ, нүүрсний хөнгөлөлтийг үзүүлэхээр болсон” гэлээ.

Ташрамд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байгаа энэ өдрүүдэд тус аймагт гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өсөх хандлагатай байгааг аймгийн Цагдаагийн газраас онцлов.  

 

Аймгийн хэмжээнд 449 иргэнийг тусгаарлах ажиглах байрыг бэлтгэжээ

Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Түвшинжаргалаар ахлуулсан Онцгой комисс, шуурхай штабын гишүүд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, иргэнийг тусгаарлах, ажиглах байрны бэлэн байдалтай танилцлаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

-“Аймгийн Засаг даргын А/422 дугаар захирамжаар Улиастай суманд эхний ээлжид 132, аймгийн хэмжээнд 24 суманд 449 иргэнийг тусгаарлах, ажиглах байрны бэлэн байдлыг хангуулахаар төлөвлөөд байна.

Өнөөдрийн байдлаар нэг тусгаарлан ажиглах байранд 7-8 албан хаагч ажиллахаар төлөвлөж ажил үүргийн хуваарийг гаргасан байна. Тусгаарлан ажиглах байранд тавигдах шаардлагын дагуу өрөө бүр ариун цэврийн өрөөтэй байх ёстой. Гэвч орон нутагт дээрх шаардлагыг хангах боломж хомс, тусгаарлах байрууд нийтийн ариун цэврийн өрөөтэй байна. Мөн сэжигтэй тохиолдол илэрсэн үед нэн тэргүүнд иж бүрэн хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодисын нөөц шаардлагатай байгааг албаныхан газар дээр нь үзэж танилцлаа. Байгууллага бүр дотоод нөөц бололцоондоо тулгуурлан бэлэн байдлыг хангах зорилгоор тусгаарлах байранд шаардагдах эд зүйлсийг бэлтгэсэн байна.


Тусгаарлах, ажиглах байр, өрөөнд шаардагдах эд зүйлс, тусгаарлагдсан иргэний хоол, хүнсний материал зэргийг сумын Засаг дарга, холбогдох албан байгууллагын дарга, эрхлэгч нар аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулах замаар бэлэн байдлыг хангуулахаар төлөвлөсөн байна. Харин төрийн албан хаагчид, эрүүл мэндийн байгууллагын ажилчдын хувийн хамгаалах  хувцас, хэрэгслийг бэлтгэх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд нэн тэргүүнд анхаарч ажиллана гэдгээ бэлэн байдлыг шалгах үеэр аймгийн Засаг дарга дуулгалаа.

Мөн аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу голомттой бүс нутгаас ирсэн иргэд харьяалал бүхий орон нутаг руугаа зорчих хүртэлх хугацаанд Политехник коллежийн дотуур байранд түр байрлаж байна. Эдгээр иргэдэд, ялангуяа оюутнуудад  анхаарал хандуулж ажиллах хэрэгтэйг холбогдох албаныханд нь онцгойлон анхааруулсан гэж аймгийн ЗДТГ-аас тус тус мэдээлэв.  


Related news