Бизнес эрхлэгчдийн санал ажил хэрэг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-12-10 20:39:26

Завхан/МОНЦАМЭ/. Цар тахлын хөл хорионы үеэр орон нутгийн бизнес эрхлэгчдэд тулгамдаад байгаа асуудлуудад анхаарал хандуулах санал, шаардлагыг аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комисст хүргүүлээд байна гэж МҮХАҮТ-ын Завхан аймаг дахь салбар танхимаас мэдээлэв.

-“Тус саналд COVID-19 цар тахлаас хамгаалах чиглэлээр шат дараатайгаар шийдвэр гаргаж, хөл хорио тогтоон иргэдийн эрүүл мэндийг хамгаалж байгаа нь сайшаалтай. Гэсэн хэдий ч энэ үед нийт бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдийн 46 хувь, хувиараа бизнес эрхлэгчдийн 89 хувь нь бүрэн зогсонги байдалтай байна. Бусад аймаг, нийслэлийн адил эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байна.

Тиймээс МҮХАҮТ-ын Завхан аймаг дахь салбар танхимаас хөл хориотой холбоотой бизнесийн нөхцөлд үүсэж буй хүндрэл, бэрхшээл, цаашид хэрхэн даван туулах талаар танилцахаар салбар бүрийн бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй холбогдож дараах саналуудыг хүргүүлээд байна. Тухайлбал үйл ажиллагаа нь бүрэн зогссон, хязгаарлагдмал хүрээнд ажиллаж байгаа аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн хувьд сард гардаг тогтмол зардал, ажилчдын цалинг тавихад хүндрэлтэй байна.

Гэсэн ч томоохон аж ахуй нэгжүүд нь өнгөрсөн нэг сарын хугацаанд ажилчдадаа сул цалин өгч ажлын байраа хадгалж үлдсэн байна. Харин жижиг худалдаа, өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн хувьд санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

Цаашид бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх, хэвийн явуулах, аж ахуйн нэгжүүдийг ажлын байраа хадгалах чиглэлд дэмжлэг үзүүлэх. Цар тахлаас үүдэн ихээхэн хохирол амссан хувиараа бизнес эрхлэгчид болон жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих багц арга хэмжээг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Мөн барааны захуудын удирдлагууд үйл ажиллагаа зогссоноос хойш лангууны түрээсийн төлбөрийг 20-50 хувь бууруулахаар шийдвэр гаргасан боловч борлуулалт байхгүйгээс худалдаачид түрээсийн төлбөрөө төлөх чадваргүй байна. Иймд захуудад ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулан, халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан барааны худалдааг нээхийг хүсээд байна.

  

Цар тахлын үед орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжихийг хүслээ

Тухайлбал төрийн байгууллагууд хөл хорионы үед ажиллаж байгаа ажилчдынхаа дархлаа сайжруулах, эрүүл мэндийг нь хамгаалах зорилгоор витаминжуулах аяныг зохион байгуулахаар бол аймгийн хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид чацарганын шүүс, амин дэмүүдийг халуунаар нь хүргэн өгөх тал дээр хамтран ажиллах. Улаанбаатараас ирсэн тээвэрлэлт, хадгалалтын горим нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхээс зайлсхийж, орон нутгийн баталгаат, чанартай бүтээгдэхүүнийг худалдан борлуулах талаар хүнсний дэлгүүрүүдэд уриалга хүргүүлэх. Үйл ажиллагаа нь бүрэн зогссон, хязгаарлагдмал хүрээнд ажиллаж байгаа бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдийн сард гардаг тогтмол зардлуудыг судлан үзэж хөнгөлөлт үзүүлэх тал дээр шийдвэр гаргах. Тухайлбал цэвэр бохир, усны, хогийн, дулааны төлбөр гэх мэт. Төрийн байгууллагуудын ажилчдын даавуун амны хаалт, нормын хувцсыг орон нутгийн оёдлын цехүүдэд захиалга өгч, гэрээгээр хамтран ажиллах. Зоогийн газар, рестораны үйл ажиллагааг тодорхой стандартыг мөрдүүлэн ажиллуулах. Банкны зээлийн хүүг багасгах талаар орон нутгийн зүгээс Монгол банканд хүсэлт хүргүүлэх. Мал аж ахуйн салбарын хувьд өвс, тэжээлийн үнэ өндөр, олдоц муу хүндрэлүүд байгаа тул орон нутгийн зүгээс өвс, тэжээлийн нөөцийг бий болгож, малчдад хүргэх ажлыг зохион байгуулах. Бизнесийн хүндрэлтэй өнөө үед ажил олгогчдыг дэмжин, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдэд хамруулах гэхчлэн асуудлуудыг санал болгож хүргүүллээ.

Бизнес эрхлэгчдийн саналыг нээлттэй хүлээн авч аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комисс тодорхой шийдлүүдийг гарган хамтран ажиллаж байна. Маргаашаас аймгийн худалдаа үйлчилгээний салбарууд, ариутгал халдваргүйтгэлийг чанд сахиж журмын дагуу үйл ажиллагаагаа эхлүүлэхээр боллоо гэж МҮХАҮТ-ын Завхан аймаг дахь салбар танхимаас тус тус мэдээлэв. 

Related news