Аюулгүй ажиллагааны ачааллыг тэнцүүлж, хязгаарлалт хийсэн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас ирэх оны долдугаар сарын 1- ий өдрийг хүртэл айл өрх,
зарим аж ахуй нэгжийн цахилгаан, дулааны төлбөрийг чөлөөлнө гэж мэдэгдсэн.
Тэгвэл энэ шийдвэрийн дараа иргэдийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, цахилгаан
түгээх сүлжээнүүдийн ачаалал ихэссэн талаар мэдэгдэж буй.
Тиймээс Завхан аймагт хэрэглээ
хэр зэрэг нэмэгдэж байгаа талаарх тодруулга мэдээллийг "Алтай Улиастай эрчим
хүчний систем" ТӨХК-ийн Завхан аймаг дахь салбарын дарга Г.Бадамхатанаас
авлаа.
-“Засгийн газраас шийдвэр гарсантай холбоотойгоор гэр хороололд цахилгааны ачаалал хамгийн их байна. Учир нь гэр хорооллын айлууд дулаанаа хангахын тулд олон халаагуур залгаж байна. Энэ нь эрчим хүчний системийн ачаалалд нөлөөлж байгаа юм. Харин орон сууцанд харьцангуй тогтвортой байгаа. Тиймээс эрчим хүчний хязгаарлалт хийлгэхгүйн тулд иргэдийг илүү хэрэглээ битгий гаргаарай гэж хүсмээр байна. Ялангуяа 17:00-21:00 цагийн хооронд ачаалал их байна. Засгийн газрын шийдвэр гарсан өдөр гэхэд л Улиастайд гэр хорооллын шугамд хүчдэлийн хэмжээ нэмэгдсэнээр эрчим хүчний тоноглол автоматаар салсан. Хэрэглээ огцом өсвөл хязгаарлалтад орж болзошгүй.
Бид хоёр сарын хугацаанд л хэвийн
ажиллачихвал хүйтний эрч суларч, дулаарна. Тиймээс манай иргэд хариуцлагатай
байх нь чухал. Ачаалал нэмэгдэхгүй бол мэдээж хязгаарлалт хийхгүй. Харин
огцом нэмэгдвэл хязгаарлахаас өөр аргагүй. Монгол Улсын хэмжээнд эрчим хүчний
эх үүсвэрийн дутагдалд орсон байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд хүчдэл
хэвийн горимоор ажиллаж байна. Гэхдээ хэвийн хэрэглээнээс 1мВт-аар илүү ажиллаж
байна.
Өчигдөр буюу 12 дугаар сарын 14-ний өдөр Диспетчерийн үндэсний төвөөс чиглэл өгсний дагуу аюулгүй ажиллагааны ачааллыг тэнцүүлж, хязгаарлалтыг тодорхой сумдад богино хугацаанд хийсэн. Монгол Улсын Засгийн газрын энэ удаагийн шийдвэр нь "COVID-19" цар тахлын үеийг даван туулах шийдвэр юм.
Манай байгууллага өвлийн бэлтгэл ажлыг бүрэн хангасан
байгаа. Яг одоо өвлийн горимд ажиллаж байна. Гэсэн хэдий ч салбарт илүү их
ачаалал ирж байна. Тиймээс иргэд оргил ачааллын үе болох 17.00-21.00 цаг хүртэл
эрчим хүчээ хэмнэх, ачаалал өгдөг тень, бусад цахилгаан хэрэгслээ бага хэрэглэх,
зохиомол илүү хэрэглээг гаргахгүй байхыг уриалж байна. Гэхдээ өвлийн улиралд
урт хугацаатай хязгаарлалт хийгдэхгүй. Цаашид хүчдэл нэмэгдвэл хязгаарлалт
хийнэ” гэлээ.
Цахилгаан илүү зарцуулдаг
тоног төхөөрөмж хэрэглэхгүй байхыг уриалж байна
"Алтай Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК-ийн Завхан аймаг дахь салбарын инженер Б.Лхагвадорж:
-“Монгол Улсын Засгийн
газраас айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны үнийг тэглэх шийдвэр гаргаснаас
хойш эрчим хүчний ачаалал нэмэгдэж байгаа нь үнэн. Өчигдрийн байдлаар
тус аймгийн цахилгаан эрчим хүчний ачаалал 14.2 мВт-д хүрч нэмэгдсэн. Харин хэвийн үед оргил ачаалал 12 мВт-д хүрдэг. Иймд
оргил ачааллын үед буюу оройн 17:00-21:00 цагийн үед өмнөх
хэвийн түвшнээс хэтрүүлэхгүй барих, цахилгаан халаагуур зэрэг эрчим хүч их зарцуулдаг тоног төхөөрөмж залгахгүй байхыг иргэддээ зөвлөж байна.
Хэрэглээ
эрс нэмэгдсэн тохиолдолд автомат хязгаарлалтад орох, дэд станц,
хүчний трансформатор шатах, агаарын шугам гэмтэх зэргээр цахилгаан
эрчим хүчний хэвийн ажиллагаа алдагдаж болзошгүйг анхааруулж байна. Өчигдрийн
тухайд Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын эрчим
хүчний төгсгөлийн системүүдэд хязгаарлалт хийсэн. Завхан, Говь-Алтай аймгийн
цөөн суманд бага хугацаатай хязгаарлалтыг хийж ачааллыг тэнцүүлсэн байгаа”
гэв.