Цөмийн асуудалд улс орнууд анхаарал хандуулах нь чухал гэдгийг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-06-16 14:06:41

Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын өнөөгийн байдал, учирч буй сорилт бэрхшээл, бүс нутагт харилцан ойлголцол, итгэлцэл бий болгох нь чухал гэдэгт 10 гаруй орны эрдэмтэд санал нэгтэй байна.

 Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” Олон улсын III Бага хурал Гадаад хэргийн яаманд болж байна. Бүс нутгийн асуудлыг хэлэлцдэг  тус хурлыг Гадаад хэргийн яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулж буй юм. Хоёр өдөр үргэлжлэх тус бага хуралд БНХАУ, ОХУ, БНАСАУ, БНСУ, Япон, АНУ, Герман, Энэтхэг, Их Британи, Австрали, Франц зэрэг орны  150 гаруй төлөөлөгч оролцож байна.

Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат ярихдаа,“Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд зохион байгуулдаг эл бага хуралд олон улсын нэр хүндтэй эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд оролцдогоороо онцлогтой. Бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж санал солилцдог энэ хурлаар Зүүн Хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих асуудлаар эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж байна. Энэ удаагийн хурлын онцлог нь  бүс нутгийн хүрээлэн буй орчныг хамгаалах, гамшгийн менежментийн талаар талууд анх удаа туршлага солилцож буй юм” гэв.

БНХАУ-ын Олон улс харилцааны хүрээлэнгийн орлогч захирал Сун Ру “Сая Хойд Солонгосын талаар явуулж буй бодлогын талаар илтгэл тавилаа. Хятад улсын хувьд бүс нутгийн энхтайваны тогтвортой байдлыг эрхэмлэж байгаа. Манай улсын хувьд Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй байх ёстой гэсэн байр сууринаас ханддаг. Тухайлбал дэглэм солих, асуудлыг зэвсгийн хүчээр шийдэхийг бид дэмжихгүй. Сая гал унтраах хэлэлцээр хийлээ. Үүнийг Энхтайваны хэлэлэлцээр болгох ёстой. Хятадын байр суурийг бусад орнууд төдийлөн хүлээж авахгүй байгаа. Солонгосын хойгийн асуудлыг шийдэхэд Өмнөд Солонгос, АНУ гээд  бусад орнуудтай хамтарч ажиллахад бэлэн байгаа. Бусад улс орнууд цөмийн асуудалд өөрсдийн байр сууриа  гаргаж анхаарал хандуулах нь чухал” гэв.

Эл бага хуралд БНАСАУ-ын ГХЯ-ны Америк судлалын хүрээлэнгийн хэлтсийн дарга Чой Кан Ил, БНСУ-ын Сэжон хүрээлэнгийн дэд захирал Ли Сан Хен, АНУ-ын Жон Хопкинсын их сургуулийн ахлах судлаач Жени Таун, ОХУ-ын ШУА-ийн ахлах судлаач Елена Боекова зэрэг эрдэмтэн судлаач бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засгийн өнөөгийн байдал, чиг хандлага, байгаль орчны салбарын хамтын ажиллагааны талаар илтгэл тавьж байна.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд өмнө нь Зүүн Хойд Азийн орнуудын эмэгтэй парламентчдын чуулга уулзалт, хотын дарга нарын форум, эрчим хүчний хэлхээ холбоо семинар, Залуучуудын чуулга уулзалт тус тус зохион байгуулагдсан юм.

Б.Заяа

Related news