Цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулах талаар хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-21 10:49:07

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсад анх удаа олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны Удирдах зөвлөлийн 27 дугаар хурлыг өчигдөр “Blue sky” цамхагт зохион байгууллаа.


Энэхүү холбоо нь дэлхийн 63 орны 80 гаруй цагдаагийн сургалтын байгууллага, их, дээд сургууль, коллежийн гишүүнчлэлтэй тогтвортой үйл ажиллагаа явуулдаг аж. Монгол Улсын Дотоод хэргийн их сургууль тус холбоонд 2011 онд гишүүнээр элсэж, 2022 оноос Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.


Энэ талаар Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор О.Зоригт ярихдаа, “Удирдах зөвлөлийн 27 дугаар хурлаар Олон Улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, 2025 онд зохион байгуулах 14 дэх удаагийн Ерөнхий зөвлөлийн ээлжит хурал, 2026 онд 28 дахь удаагийн Удирдах зөвлөлийн хурал зохион байгуулах улс, цагдаагийн сургалтын байгууллагыг сонгох, товыг тогтоох, 2025 онд гишүүн цагдаагийн сургалтын байгууллагуудаас зохион байгуулах олон улсын цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулах сургалтын мэдээлэл хуваалцах, хоёр талт профессор багшийн солилцооны хөтөлбөрийн талаар хэлэлцэн шийдвэрлэнэ” гэв.


Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо нь олон улсын цагдаагийн сургалтын чанарыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээ, сургалтын чиглэлээр хамтран ажиллах, туршлага солилцох, профессор багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, багшийг чадавхжуулах үйл ажиллагааг зохион байгуулах зорилгоор 2011 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний цагдаагийн академийн санаачилгаар тус улсын Станбул хотноо анх байгуулагджээ.


Хуралд Удирдах зөвлөлийн гишүүн Бүгд Найрамдах Турк Улс, Саудын Арабын Хаант Улс, Катар Улс, Мальдивын Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Индонез Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Узбекистан зэрэг улсын 20 гаруй төлөөлөгч биечлэн, Бүгд Найрамдах Энэтхэг Улс болон Умард Македони Улсын Цагдаагийн сургуулийн төлөөлөгчид цахимаар оролцлоо.



Related news