С. Сайханбаяр: Тэртээх мягмар гариг уй гашуу авчирсан хар өдөр байсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
aizarya@montsame.mn
2016-06-19 15:02:54

Улаанбаатараас Мандалговийн чиглэлд нислэг үйлдэж байсан Ю-12 онгоц Мандалговь хотод буух үедээ осолдож, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн золгүй явдал өдгөөгөөс 19 жилийн өмнө тохиосон билээ. Онгоцны ослоос хоёр нисгэгч хоёр зорчигчийн хамтаар эсэн мэнд  үлдсэн байдаг. Дүрэлзэн шатах онгоцноос хүмүүсийн амь насыг аврахын төлөө хэн хэрхэн зүтгэснийг, осол болсон нөхцөл шалтгаан юунд байсныг  өдгөө мэддэг, тэр тухай ярьдаг хүн  байдаггүй юм.

Тэр үед аймгийн нисэх буудлын даргыг орлож байсан С. Сайханбаяр сэрүүн тунгалаг ахуйдаа тэртээх жилийн аймшигт ослын тухай ярьж, үлдээхийг хүсч Монцамэ агентлагийн сурвалжлагчид хандаж байсан юм.
“Онгоцны осол өчигдөр болсон мэт сэтгэлд тод байсаар өнөөг хүрлээ” хэмээн эхэлж байсан түүний яриа ийн үлдсэн билээ.  

-    Энэ ослын талаар мэддэг хүн бараг л үгүй болжээ, танаас өөр…?
-    Тийм ээ. Тэр үед аймгийн нисэх буудал нислэгийн удирдагч, холбоочин гэдэг орон тоотой. Би өөрөө нисэх буудлын даргыг орлож байсан юм. Хамтран  ажиллаж байсан нислэгийн удирдагч маань, надтай хамт байсан хоёр хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлж, онгоц осолдох үеийн бүхий л явцыг нүдээр харж, мэдэх хүн нь би л болж үлдээд байна даа.  Газрын хөрс хүртэл танигдахаа больж, эрэг жалга байсан газар элсээр дүүрээд тэгш тал болсон харагдаж байна. Он цаг ч мөн адил энэ аймшигт ослыг дарж байх шиг байна. Онгоцны осол өчигдөр болсон мэт сэтгэлд тод байж өнөөг хүрлээ. Онгоц осолдсон тэр өдөр 1997 оны зургадугаар сарын 10- ны мягмар гариг байсан юм. Онгоц тэр өдрийн  есөн цаг хорин минутад Улаанбаатараас хөөрч,  арван цаг арван минутад Мандалговь хотод газардах ёстой байсан. Мягмар, баасан гарагийн энэ цаг бол нислэгийн тогтмол хуваарь л даа. Онгоц арван цаг найман минутад суулт хийсэн. Салхины урсгалаас шалтгаалан хоёр минутын зөрүү гэдэг бол агаарын хөлөгт байдаг л нэг асуудал. Гэхдээ онгоц зурвасын босгод хүрэлгүй суулт хийж, 13 метр гүйгээд гэнэт  300 метр өндөрт огцом хөөрсөн юм. Хөөрсөн хойноо баруун гар тийш хагас эргээд агаараас шидсэн чулуу шиг доош уначихсан.
- Зурвастаа хүрэлгүй дутуу буулт хийсэн нь юунаас шалтгаалсан  юм бол?
- Нам өндрийн салхины босоо урсгалд цохиулснаас онгоц дутуу суулт хийсэн гэж техникийн улсын комиссын дүгнэлт гарч байсан. Онгоц суулт хийгээд огцом хөөрөхдөө баруун гар тийш хагас эргэхэд нь нислэг нь  жигдрэх нь үү дээ гэтэл шидсэн чулуу шиг л  уначихсан юм. Иргэний агаарын тээврийн хөлөг бол хамаагүй өндөрт ойж цойлж гардаггүй юм. Байлдааны хөлөг харин тэгж тусгай дасгал нислэг хийдэг. Тиймээс онгоц сүүлээрээ унах нь гэсэн нөхцөл байдал ажиглагдсан учраас бид гал команд түргэн дуудаарай гэдэг мэдээллийг өгчихөөд онгоцны хойноос машиндаа дөрвүүл давхисан.
-Тэр өдөр цаг агаар ямар байсан бэ?
- Цаг агаар намдуухан сайхан байсан.
- Та нарыг очиход унасан онгоц ямархуу байдалтай байв?Хүний амь нас аварч чадсан болохоор маш түргэн хугацаанд гүйцэж очсон байж таарах нь ээ дээ?
- Онгоц хошуугаараа газар хатгаж унаад, хоёр сэнсний далбаа мултарсан, хөл анги нь хугарсан, хөдөлгүүр нь асч байсан. Биднийг нисэх буудлаас гарахад түнэр хар утаа уугиж байснаа замын дунд ирэх үед улаан гал болж дүрэлзэж эхэлсэн. Биднийг хүрч очиход онгоцны зүүн далавч угаараа хугарч, нисгэгчийн кабин, зорчигчдын зал руу гал орж эхэлж байсан. Бидний араас цахилгаан шугам сүлжээний жолооч Дашдаваагийн Батбаяр гэдэг залуу ирсэн нь их тус болсон юм. Тэрээр онгоцны цонхыг лоомон бардокоор гурван удаа савсан боловч хагараагүй тул машин руугаа буцаж гүйгээд таван килограммын хүнд лантуу авчирч цохиход цонх хагарсан. Тэгээд хоёр нисгэгчийг эхэлж гаргаад тэднийг би эмнэлэг рүү авч давхисан. Ард үлдсэн жолооч Батбаяр Навчаа, Солонгоо гэдэг хоёр зорчигчийг гаргаж авсан байсан. Энэ үед гал командынхан ирсэн.
- Онгоц хэдэн зорчигчтой нийслэг үйлдэж байсан юм бэ?
- Нисэх багийн хоёр хүн, найман зорчигчтой байсан. Онгоцонд сууж явсан арван хүнээс хоёр нисгэгч, Дэлгэрхангай сумын иргэн Навчаа, Хууль зүйн яамны ажилтан Хулан гэдэг хүний охин Солонгоо нарыг эсэн мэнд гаргаж авсан юм.
Аймгийн ЗДТГ- ын түшмэл Батмөнх эмээгийнхээ хамт, аймгийн Спорт хорооны дарга Энхсайхан, нисэх буудлын дарга Адъяа охиныхоо хамт амь үрэгдсэн дээ. Тэднийг онгоцноос гаргаж авах боломж үнэхээр байгаагүй юм. Улаан гал хоромхон зуур онгоцыг эзэлж билээ.
 Тэр жилийн зургадугаар сарын аравны мягмар гариг Монголын нисэх хүчний түүхэнд, Дундговь аймгийн түүхэнд харуусал, уй гашуу авчирсан хатуу өдөр болж үлдсэн юм.
-    Авран туслалцахаар олон хүн очсон уу, тэгэхэд...?
-    Бидний дөрвөн хүн дээр нэмэгдээд нэлээд хэдэн хүн болсон. Дээр нь аврах ангийнхан очсон. Аврах ангийнхныг ирэхэд онгоц шатаад дуусах дөхөж байсан. Бид хэдэн цаг ноцолдсоноо үнэхээр санадаггүй юм. Тэр байтугай хажууд байсан хүнээ ч санадаггүй. Тэнд очсон хүмүүс дэргэдээ чухам хэн байгааг ч анзаарах сөхөөгүй гагцхүү онгоцноос зорчигчдыг эсэн мэнд  гаргахын төлөө л зүтгэсэн дээ. Нисгэгчийн кабины л цонхыг хагалж чадсан болохоор түүгээр дамжуулан зорчигчдыг гаргахаар хичээсэн. Жолооч Батбаяр нисгэгчийн кабинаар зорчигчийг гаргахад гаднаас Баярбаатар гэдэг залуу туслалцсан байдаг. Зорчигч Навчаа гэдэг эмэгтэй Улаанбаатарт цөсний хагалгаа хийлгээд буцаж явсан учраас хөвөнтэй дээл өмсчихсөн байсан юм билээ. Тэр нь галд яаран шатаагүй. Харин биеийн ил гарсан хэсэг түлэгдсэн байсан.
-    Онгоц салхины урсгалд  цохиулсан гэдгийг тэр өдрийн цаг агаар тогтуун сайхан байсантай харьцуулахад үнэхээр харамсалтай санагдаж байна аа.  
-    Тийм ээ. Нислэгийн техникийг шалгах газар дэд бүтэцийн яаманд харьяалагдаж  байсан. Тэндээс комиссын бүрэлдэхүүн ирж ажилласан л даа. Онгоцны эд ангийг Канад зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас нийлүүлж, Хятад улсад угсран МИАТ компани гэрээгээр авсан таван онгоц байсан. Онгоц угсарсан үйлдвэрийн хүмүүс ч ирж, газар дээр нь үзээд онгоцноос шалтгаалсан зүйл байхгүй гэдэг дүгнэлт гаргасан. Нам өндрийн салхины босоо урсгалд цохиулсан учраас салхины хүчээр дутуу суулт хийж хүчтэй газардсанаас ойж агаарт хөөрсөн юм билээ.
 Суулт хийх үед онгоц удирдлагагүй болсон нь харагдсан л даа. Хэрвээ удирдлага авсан бол онгоц жолоодогдоод эргэх ёстой. Нөгөөтэйгүүр зорчигчид ч тэр, нисгэгчид ч тэр үнэхээр гэнэтийн цочролд орсон байх л даа.
-    Та түрүүнд хэллээ, онгоцны цонхыг жолооч лантуугаар цохиж байж хагалсан гэж…Ямар нэг болзошгүй ослын үед хэрэглэх шаардлагатай хэрэгсэл нисэх буудалд аль хэр байсан бэ, тэр үед?  
-    Тухайн үеийн нисэх буудал бол онгоцны ослын үед ямар байдалтай байсан юм гэж үү. Би үүнд дүгнэлт хийдэг юм. Бидэнд галын хор, дэгээ гээд юухан хээхэн л байдаг байж.
Олон улсын иргэний нисэхийн байгууллага 2001 оноос хойш өндөр шаардлага тавьдаг болж, 2008 оныг хүртэл тэр өндөр шаардлагаар нэлээд ажил хийгдсэн. Гэсэн ч жижиг буудлууд аюулгүй байдлыг хангах хангалттай сайн бэлтгэл хэрэгтэй л байгаа. Нисэх буудал л бол нисэх буудал. Манай аймгийн нисэх буудал одоо Өмнөговийн таван чиглэлд нислэг өнгөрөөж байна. Ямар нэг тохиолдлоор манай орон нутагт онгоц суулт хийвэл тэр үед ямар бэлтгэлтэй, ямар багаж хэрэгсэлтэй байна вэ гэдэг бодох л асуудал. Юу шаардлагатай, тэр бүгдээр хангагдсан байх ёстой. Тухайлбал суулт салгагч данхарат, онгоцны шил зүсэгч гэх мэт…
-    Осолдсон онгоцыг эндээ устгасан уу?
-    Онгоцноос үлдсэн, цаашид хэрэглэж болохоор юмуу гэсэн эд ангиудыг хот руу татаж авсан. Устгал хийх шаардлагатай зүйлсийг нууцын зэрэглэлтэйгээр устгасан. Энэ тухай би хэлж болохгүй. Устгалыг гүйцэтгэсэн хүний хувьд энэ тухай нууц байлгах учиртай.
-    Энэ ослоос хойш л Мандалговийн чиглэлийн нислэгийг хаасан юм уу?
-    Үүнээс хойш Ю-12 онгоцны тогтмол нислэг дууссан. 1999 онд нисэх буудал түр хаагдсан. Талийгаач Ж. Наранцацралт сайдын үед олон шат дамжлагаар ярьж хэлж байж дахин нислэгтэй болгож өгсөн. Энэ маань 2007 он хүртэл явсан шүү. Сүүлдээ зорчигч явах нь харьцангуй бага учраас дундын онгоц буулгадаг болсон. Онгоц бууж, хөөрөхдөө түлшний зарцуулалт их байдаг. Тиймээс түлшний өртөг зардлыг нислэгийн орлого төлж чадахгүй байна гэдэг үүднээс нислэгийг бүрмөсөн зогсоосон юм. Одоо манай буудал дамжин өнгөрч буй нислэгийг хянах үүрэгтэй ажилладаг.

Т. Отгонтуяа

Related news