Завхан аймагт балт зөгийг үржүүлэх боломжтой саналыг тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-05-27 15:04:27

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Биологийн ухааны доктор Х.Отгонбилэг Завхан, Тэс гол, Хар бутны чацарганын нөөцийг зохистой хамгаалан, шилмэл хэлбэрээс нь нутагшуулан тарих саналыг аймгийн Засаг даргад захидал хэлбэрээр хүргүүлжээ.

Тэрбээр хүсэлтдээ, Завхан, Тэсийн гол, Хар бутны чацарганын нөөцийг зохистой хамгаалан, шилмэл хэлбэрээс нь нутагшуулан тарих. Аймгийн хэмжээнд чацаргана тарих аж ахуйг төр, олон нийт иргэдийн  дэмжлэгээр өргөжүүлэх. Уг ургамлыг говийн бүсийн Ургамал, Завханмандал, Эрдэнэхайрхан сумын Хүнгүй, Мухар, Шаварт, Нарийн, Нугын голын дагуу тарьж, элсний нүүлтээс хамгаалан голын савыг ойн төгөл шугуй болгох хөдөлгөөн өрнүүлэх. Борх, Завхан, Хар бутны чацарганыг хэсэг тус бүрд нь хамгаалан үржүүлэх ажлыг шат дараатай үр дүнтэй хийх. Сумын төвүүдийг ногооруулах, сургууль бүрийг жимсний талбайтай болгож, дотуур байрны сурагчдыг хэрэгцээт жимсээр хангадаг болгох талаар оновчтой ажил зохиомоор байна гэж дурджээ.

Мөн захидалдаа Завхан аймгийн чацарганы тархац, талбайн хэмжээ, Монгол орны байгалийн чацарганы тархалт, нөөцийн талаарх судалгаа, Хангайн нурууны  орчмын балт ургамлын биологийн нөөц, өсгөх зөгийн бүлийн тоо бүхий судалгааг хавсарган хүргэжээ.

 Эрдэнэхайрхан суманд монгол хунчрыг нутагшуулна

Х.Отгонбилэг нь нутагтаа  ажиллаж байхдаа Алдархаан, Улиастай Агьтын ам, Эрдэнэхайрханы Мухартын гол, Хайрхан худаг, Улаагчны хар нуур зэрэг газар олон удаа чацаргана болон бусад  жимс, жимсгэнийн модыг тарих ажлыг биечлэн хийсэн байна.

Монгол оронд балт зөгийг үржүүлэх ажил жар гаруй жилийн түүхтэй. Х.Отгонбилэг доктор Алдархаан суманд 1975-1976 онд зөгий үржүүлж, нэг бүлээс 10-15 кг бал авч байсан ажээ. Тиймээс Завхан аймгийн Тэс, Идэр, Алдархаан, Яруу, Нөмрөг, Их-Уул зэрэг суманд балт ургамлын нөөц сайтай учраас зөгий үржүүлэх боломжтой гэдгийг захидалдаа дурдсан байна. Түүний судалгааны үр дүнд одоо Монгол орны боломжтой бүх нутагт зөгий үржүүлж байна. Сүүлийн жилүүдэд Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Булган, Архангай, Орхон, Дархан,Төв, Хөвсгөл  зэрэг аймаг сумдад зөгий үржүүлэх чиглэлээр иргэдэд сургалт хийсэн нь үр дүнгээ өгч байна.

Харин энэ онд өөрийн төрсөн нутаг болох Эрдэнэхайрхан сумынхаа устаж байгаа монгол хунчир (astragalus mongolicus)-ын талбайг хамгаалж хашаажуулан цаашид үржүүлэх ажлыг өөрийн шавь шилдэг эрдэмтэн, доктор профессор Д.Дэмбэрэлнямба, судлаач Ш.Жаргал нартай хамтран хийхээр төлөвлөөд байгаа аж.  

Балт ургамлын нөөцтэй газруудад зөгий үржүүлэх боломжтой 

Зөгий үржүүлэхэд анхаарах хэд хэдэн асуудал бий.

Нэгдүгээрт, тухайн орчны балт ургамлын тархалт нөөцийг мэргэжлийн байгууллага хүмүүсээр судлуулан зөвлөгөө авах. Зөгий үржүүлэх сонирхолтой хүмүүсийг зөв сонгож, анхан шатны мэрэгдэхүүнтэй болгож мэргэжлийн дадлага хийлгэх. Зөгий байршуулах орчныг зөв сонгох. Өвөлжөө тоног төхөөрөмжийг бэлтгэсэн байх гэх мэт цөөнгүй асуудал бий. Эдгээр асуудлуудыг нарийн тооцоо судалгаатайгаар зааж өгөхөд бэлэн байгаа. Тиймээс дээрх санал хүсэлтүүдийг минь харгалзан үзэж хамтран ажиллахыг аймгийн Засаг даргаас хүссэн гэж "Ховор ургамал сан" ТББ-ыг үүсгэн байгуулагч, биологийн ухааны доктор Х.Отгонбилэг ярилаа. Ташрамд,  доктор Х.Отгонбилэг нь 1966  оноос эхлэн тавь гаруй жил төрөл бүрийн ургамал үржүүлэх ажлыг хийж байгаа. Чацаргана, жимс жимсгэнэ, эмийн төрөл бүрийн ургамал, зөгийн балт ургамал, зөгий үржүүлэх чиглэлээр судалгаа хийж, эдгээр чиглэлээр олон арван ном бүтээл, өгүүлэл зөвлөмж бичсэн ахмад туршлагатай эрдэмтний нэг юм.

Мөн Алдархаан суманд ерөнхий агрономичоор ажиллаж байхдаа малын тэжээл, төмс хүнсний ногооны талбайг нэмэгдүүлэх талаар багагүй санаачилгыг гаргаж байсан. Алдархаан сумын ногооны “35 жил” бригадын мэдэлд ашиглаж байсан одоогийн Улиастай сумын Ногоон хашаа, Лааны булан хэмээх газар  агрономич Г.Цэрэнтэй хамтран улаан хальст саримс тарих талбайг таваас долоон га-д анх удаа хүргэж байсан байна. Тэрээр одоо ”Монг-эм” ХХК, “Монхимо” ХХК зэрэг үйлдвэрлэл, эмчилгээ, судалгааг хослон явуулдаг байгууллагуудад гэрээт ажилтан зөвлөхөөр ажиллаж байна.

Related news